Түүхт, тэгш ойн наадамд А.Сүхбат аварга зодоглоно гэдгээ мэдэгдсэн. Зодог тайлах ёслол хийх нь үү, Зүүний магнайг Өсөхбаяр дархан аваргатай булаацалдах нь уу? гэдэг таамаг өнөөг хүртэл хөвөрсөн. Тэгвэл 2006 онд зодог тайлж, 2014 онд Үндэсний наадамд дахин зодоглож, зүүний магнайг Өсөхбаяр аваргатай булаацалдаж, эцэст нь дийлж санасандаа хүрсэн ч, барилдалгүйгээр наадмын талбайг орхиж байсныг хөгжөөн дэмжигчид санаж буй байх. Тэгвэл Өсөхбаяр аваргыг зодоглож буй цагт Сүхбат аварга зүүний магнайг тэргүүлэх эрхээ алдсан байна. "Үндэсний их баяр наадмын тухай” хууль болон Монгол улсын Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаан дүрэм”-д зааснаар Ардын хувьсгалын 101 жилийн их баяр наадамд барилдахаар урьдчилсан бүртгэлээр нэр ирүүлсэн болон барилдах боломжтой бөхчүүдийн эрэмбийг МҮБХ батлан гаргаснаар хоёр аваргын маргаанд нэг мөр цэг хатгалаа. Уг эрэмбээр аваргуудыг Г.Өсөхбаяр дархан аварга, арслангуудыг Ц.Содномдорж магнайлах болжээ. Түүхт ойн наадамд одоогоор 8 аварга зодоглоно. Допингоос болж аварга цолоо хураалгасан Оюунболд арслан цолтойгоор 14 -д эрэмблэгджээ.
1. Дархан аварга Г.Өсөхбаяр
2. Дархан аварга А.Сүхбат
3. Даян аварга Н.Батсуурь
4. Улсын аварга О.Балжинням
5. Улсын аварга П.Бүрэнтөгс
6. Улсын аварга Г.Эрхэмбаяр
7. Улсын аварга Ч.Санжаадамба
8. Улсын аварга С.Мөнхбат
9. Улсын арслан Ц.Содномдорж
10. Улсын арслан Э.Оюунболд