ЧИМЭГТЭЙ НАЧИНГУУД ҮЗҮҮР ТҮРҮҮ БУЛААЦАЛДСАН ТЭГШ ОЙН ШИГТГЭЭНҮҮД

2022-07-15  

 ДОМОГ БОЛСОН ДАРХАН Х.БАЯНМӨНХ АВАРГА ЗОДОГ ТАЙЛАВ


    Энэ наадмын үзүүштэй, олны сонирхлыг татсан хэсэг бол дархан аварга Х.Баянмөнхийн зодог тайлах ёслол байлаа.  Дархан аваргуудыг наадмын тавын даваанаас өмнө  зодог тайлах  ёслолыг хуульчилсны дагуу улсад 11 удаа, тэр дундаа 50, 60 жилийн тэгш ойд түрүүлсэн, хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх  дархан аварга 100, 101 жилийн баяр наадмын  тавын даваанд шалгарсан 64 хүчтэйтэй хамт зодог шуудгаа өмсөн, зүүний магнайг тэргүүлэн гарч, цол гуншингаа  дуудуулан ёслол төгөлдөр  зодог тайллаа. Баянмөнх аварга есөн хөлт тугандаа  мөргөн адис авч , 11 удаа түрүүлж наадамчин олноо баясгасан зүлэг ногоон дэвжээгээ үнсэж, зодгоо тайлан эвхэж, зээ хүүдээ хадгалууллаа. Тэрбээр  зодог тайлах ёслол гэдгийг утга төгөлдөр  үйлдэж, араасаа залгах Бат-Эрдэнэ, Балжинням зэрэг аваргуудад үлгэр дуурайлал үзүүллээ. Түүний хүү  улсын гарьд Гантогтох, хүргэн хүү дархан аварга А.Сүхбат, зээ хүү аймгийн начин Хангай эхлэн, дархан аварга Батсуурь, Балжинням , Бүрэнтөгс, Мөнхбат нарын дөрвөн аваргаар залган, Хайдав, Ганбат арслан, Бат-Орших гарьд нарын Увс нутгийн хүчтэнүүд хадаг дэлгэн барьж Баянмөнх дархан аваргад хүндэтгэл үзүүллээ. Энэ бол 100, 101 жилийн тэгш ойн онцлох шигтгээ байв.

No description available.No description available.
 

ШОДОЖ, БАРЬЦ СОНГУУЛДАГ ЖУРМЫГ ХАЛЛАА

   Олон жил маргаан дагуулсан, монгол бөхийн хөгжлийг тушсан   журмыг хуулиар халлаа. Бөхчүүд мэхэнд шамдах биш,  зөвхөн барьцны мэхийн сургуулилт хийсэн том бие хаатай бөхчүүд дээгүүр барилдах нь эрс олширсон. Сүүлийн цөөн жилийг эс тооцвол, хэд хэдэн наадмын түрүү бөх зөвхөн барьц сонголтоор төрсөн түүхтэй. Энэ жилийн наадмаар хэдийгээр барьц сонгохыг цуцалсан ч, бөхчүүдийг хүчээр дан, давхар шуудагдуулж барилддаг журам  үйлчилсэн хэвээр. Өмнөх жилүүдэд давхар шуудангаас татаж, түрэх, нохой мордох мэхээр Батсуурь,   Бүрэнтөгс, Оюунболд нарын  аварга, арслангууд  төрж байсан.  Энэ жил ч гэсэн энэхүү танил мэхээр Хангай давж, наадмын түрүү бөх боллоо.

ЭРХЭМБАЯР АВАРГА, АРСЛАН СОДНОМДОРЖ, ЗААН АНАР НАР ҮНДЭСНИЙ БӨХ БОЛ ХҮН ЧАНАР, НӨХӨРЛӨЛ ГЭДГИЙГ ҮЛГЭРЛЭЛЭЭ

   Олимпийн аварга Түвшинбаярт зодуулж  амь насаа алдсан Булган аймгийн Энхбат начины дүүг Эрхэмбаяр аварга улсын баяр наадмын тавын даваанд амлан авч, начины босго давуулан  талийгчийн аав, ээж, ах дүү, эхнэр хүүхдэд нь буян үйлдэж, зовлонгоос нь бага ч болов нимгэллээ.
Тэгвэл анх удаа заан цолтой наадамд зодоглосон Анар долоогийн даваанд багын анд, улсын начин Серикийг амлан заан цолны босгыг алхуулан, бөхийн хорхойтнууд,  Баян-Өлгийчүүдийн талархлыг зүй ёсоор хүлээлээ.
Харин улсад нэг түрүүлж , нэг бус удаа түрүүлэх бөхийн таамагт багтаж ирсэн улсын арслан Содномдорж улсын харцага Орхонбаярыг дэмжив. Тэр Орхонбаярыг тунаанаас гарган, улсын заан цолонд хүргэж, цаашид замыг нь заслаа. Энэ бол  том цолтой бөхчүүдийн үлгэр дуурайл авмаар нүнжигтэй шийдвэр  байлаа.
Энэ гурван бөхийн буян, хүн чанар нөхөрлөл, нүнжиг харуулсан үйлдлийн ард мөнгө төгрөгөөр  улсын начин цолыг арилжсан үйлдэл тэрүүхэндээ дарагдлаа.  Аварга, арслан тус бүр нэг, заан хоёр, арвандөрвөн начин төрсөн тэгш ой боллоо.
Цагаан сарын барилдаанд түрүүлсэн аймгийн начин Мөнхжаргалын л хувь дутлаа. Цагаан хэл ам хурц иртэй хутганаас ч осолтой гэдэг үг биеллээ.

No description available.

No description available.

А.СҮХБАТ АВАРГА НААДАМЧИН ОЛНЫГ "НУЛИМЛАА"

Сайн бөх,  зан аашийн хувьд авах юмгүй гэж  түүний тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нь. Бөхийн шуудгын стандартыг зөрчсөн үйлдэл Сүхбатаас эхлэлтэй. Хуруу бэртээх зориулалттай шуудаг байна гэж тухайн үедээ бөхчүүд гомдоллодог байсан.  Ам мэхийг өрсөлдөгч Өсөхбаярт хэрэглэж, санаа сэтгэлийг нь өөр тийш нь холбируулан татах зуураа,   өрөлгүйгээр гэнэдүүлэн дайрч унагаснаас болж, Өсөхбаяр түүнийг тийрсэн байдаг. Допингийн асуудал сөхөгдөж, түрүүлсэн, цол ахисан бөхчүүдийг допингийн шинжилгээнд оруулж эхэлсэн тэр цаг мөчөөс А.Сүхбат үндэсний бөхийг орхисон.  Сүхбат аварга ид барилдах залуу насандаа  гэнэт зодог тайлж, наадамчин олныг гонсойлгосон.  Дархан аварга цолыг нь олгосон 2014 онд,  наадамд дахин зодоглож, Өсөхбаяртай зүүний магнайг булаацалдсан. Тэр тэмцэлдээ ялж, улмаар Өсөхбаяр аваргыг амлаж таваа хангаж, цэнгэлдэхийг шуугиулснаа, өөрөө барилдалгүй тахимаа өгчихөөд одсон. Ийм үйлдэл олныг үргэлжлүүлж болно. Энэ жилийн наадмаар ч тэр дахин зодоглоно хэмээн хүлээлт үүсгэчихээд,  мөн л зүүний магнайг Өсөхбаяр дархан аваргатай  булаацалдаж наадмыг 30 минутаар уяж, наадамчин олноор даажигнасан. Эцэст нь дахиад л зүлэг ногоон дэвжээндээ мөргөчихөөд, есөн хөлт төрийн тугнаас ч адис авалгүй одсон.
Барилдааныг яривал Сүхбатыг онцгойлно. Харин түүний хоёр дахь удаагаа наадамчин олны итгэлээр тоглож,  сэтгэл рүү нь " нулимсан" үйлдлийг бөхийн хорхойтнууд дэмжихгүй.  А.Сүхбат бол хувиа хичээгч, амиа бодогч төдийхөн аж.  Заан Анарынх шиг  өгөөмөр  сайхан сэтгэлийг түүнээс эрээд эрээд ч  олдохгүй юм байна. Одоо бодохноо, тэр хүргэн ах Гантогтохтойгоо хоёр удаа үзүүр түрүү булаацалдахдаа яагаад нэгэнд нь  өгч болоогүй юм бол оо гэж бодогдоно. Бөх бол нөхөрлөл, хүн чанарын шалгуур. Үүнийг ч  Сүхбат давсангүй.

No description available.No description available.
 

ДАРХАН АВАРГА, ДАЯН АВАРГА ТӨРӨХӨД ГАНЦ ДАВАА Л ДУТЛАА

Наадмын наймын давааны  зүүний магнайд  Батсуурь даян аварга, барууны магнайд Бүрэнтөгс аварга гарсан. Батсуурь даян аварга харцага Орхонбаярыг амласнаар , Бүрэнтөгс аварга харцага Хангайтай тунасан.
Хоёр аваргын хэн хэн нь  ес буюу нэмж нэг л  давсан бол цол ахих байв. Шинэ хуулиар Батсуурь үзүүрлэхэд дархан аварга, Бүрэнтөгс үзүүрлэхэд даян аварга цолын болзол хангаж байлаа. Гэвч Батсуурь буруу ам авч, барилдахдаа тооцоо алдсанаас болж, хойтон жилийн наадмыг хамтдаа хүлээх болов. Тэр барьцаар ааглан, Орхонбаярыг дөрвөн хөллүүлсэн хэрнээ, түүний хөмрөөнд унав. Тэрхэн зуур давчихлаа  гэсэн  бодол нь түүнийг сэрэмж алдахад хүргэв. Нөгөө талд нь  Хангай харцага Бүрэнтөгсийг өөрийнх нь үндсэн  мэхээр (шуудагны барьцнаас түрж хөөн, дотуур хутган ) тэнцвэрийг нь алдагдуулан унагав.  Ийнхүү Увс нуур дэвжээний хоёр аварга цол ахихын тулд  ирэх жилийн наадмыг хүлээхээс өөр аргагүй болов.

No description available.
 

ХАРЦАГУУД БУЮУ ХУУЧНААР ЧИМЭГТЭЙ НАЧИН ЦОЛТОНГУУД 100 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ҮЗҮҮР ТҮРҮҮ БУЛААЦАЛДАВ

Улсын начин, заан, арслан, аварга зэрэг цолонд ухаан орох цагаас  дассан учир  би дээрхи цолонд дуртай. Харцага, гарьд цол одоо хүртэл сэтгэлд нэг л буудаггүй. Нэг өдөр энэ цолыг бас буцааж хүчингүй болгох өдөр ирэх байх аа гэж найдна.
Минийхээр бол чимэгтэй начин цолтнууд 100, 101 жилийн давхар бөгөөд тэгш ойн баяр наадамд үзүүр, түрүү булаацалдсан. Ижил цолтой бөх ес, арвын даваанд өөр хоорондоо  учрах нь ховор. Балжинням аваргын түрүүлдэг жил л хоёр заан үлдэж байсныг санах юм. Энэ жилийн хувьд харцага буюу, чимэгтэй начин цолтонгууд дээгүүр барилдана гэдэг таамаг эртнээс явсан. Тэр ч биеллээ оллоо. Хангай бол хүчээрээ дээшээ гарч ирсэн бол Орхонбаяр долоогийн даваанд дэм авсан гэдгийг Содномдорж арслангийн наадмын дараах үйлдэл бүрэн гэрчиллээ.
Жил бүр дээгүүр барилдах бөхчүүдийн наадмын тааварт бичигддэг Хангай энэ жил бөхийн хорхойтнуудын хүслийг биелүүлж, итгэлийг даалаа.
- Дан Ховдоор овоглож буй учир Хантайшир уул, ус гомдсон. Говь-Алтайгаар овогловол Хангай түрүүлнэ гэж хэн нэг нь айлдсан тухай яриа сүүлийн хоёр жил тэнүүчилсэн.  Энэ нь ч нөлөөлсөн байх. Хангай харцага  , Ховдоосоо шууд татгалзаагүй ч, сүүлийн жилд  Говь-Алтайг өөрийн  намтартаа оруулж эхэлсэн.  Энэ нь ч нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Олон жил наадмын түрүү бөхийн таамагт нэрлэгдэж ирсэн Хангай харцага 32 насандаа улсын баяр наадамд анх удаагаа түрүүлж,  82  жилийн өмнө Ховд аймгаас түрүүлсэн Ванчинхүү арслангийн амжилтыг давуулав.
Үзүүрлэсэн Орхонбаярын хувьд, нутгийн аварга Эрхэмбаярын  яг 10 жилийн өмнөх  амжилтыг давтсан.   Аварга  Хангай 120 кг жинтэй 1 метр 96 см өндөртэй бол, Орхонбаяр арслан 95 кг жинтэй, 180 см өндөртэй.
Харин тэдний өмнө гишгэж буй Батсуурь даян аварга 35,  Бүрэнтөгс аварга 34, Мөнхбат  аварга 37 настай юм байна. Тэдний амжилтыг гүйцэж түрүүлэх боломж 32 настай Хангай аварга, 24 настай Орхонбаяр арслан нарын хэн хэнд нь бий боллоо. Учир нь ирэх наадмаар тэд тунаанаас мултарсан тул аваргуудтай эн тэнцүү үзэлцэх бүрэн боломж нээгдэнэ.
Ийнхүү насны зөрүүг тоолдоггүй, жингийн зөрүүг харгалздаггүй
Монгол бөхийн шинэ үе ирснээ зарлалаа.

No description available.No description available.

No description available.

Ц.ЭНХБАТ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Яг үнэнийг бичиж. Сүхбат минь дээ чиний тухай Ба аврагын гарын шууг гэмтээснийг гэх мэтчилэн бөхийн хүрээнийхний ярьдаг ярианы хагасыг л бичиж. Нээрээ яагаад Гантогтоход өгч болоогүй юм бол. Өчүүхэн бодолтой өргөстэй бөх байж Баяна аврагыг зодог тайлахад ядаж бөхийн малгайгаа өмсчихгүй дээ. Түгжилийн малгайг өмсчихсөн хэн байсан хэнээр төгсөхөө илэрхийлсэн юм биш үү 2022-07-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?