ӨВ УЛАМЖЛАЛАА ТҮГЭЭЖ, МОНГОЛООРОО ГОЁСОН НААДАМ

2022-08-15  

Манай сурвалжлах баг “Нүүдэлчин Монгол-2022” дэлхийн соёлын наадмыг сурвалжлахаар  Горхи –Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг зорилоо. Цэв цэнхэр тэнгэрт хөвөн цагаан үүлс нүүж, номин ногоон тал нүд баясган цэлийн, горхины чимээ хөгжмийн зөөлхөн аяс мэт сонсогдоно. “Нүүдэлчин”  хэмээн  бичсэн  хаяг бүхий хаалгаар ороход үнэхээр, тансаг дүр зураг угтав. Бидний өвөг дээдсийн эдэлж хэрэглэж байсан хэв шинж, донжийг харуулсан загварын дээл,  гутал, малгай, эдлэл хэрэглэл зүүсэн хүмүүс, бяцхан хүүхдүүд, хэдэн арван жилийн өмнөх  цаг хугацаагаар аялуулах мэт. Эргэн тойронд монгол хэмээх үндэстэнг тодотгох өв соёл, байгалийн сайхантай хослон уран зураг мэт харагдана. Хоёр эгнээ асар барьж, дээр нь аймгуудын нэрийг хаджээ. Асар бүрийн өмнөх ширээн дээр уламжлалт тоглоом наадгай,  хувцас, эдлэл өрөөстэй байлаа. Худалдааны хүрээ хэмээх уг асруудаас 21 аймаг,  нийслэлийн  соёлын бүтээлч, үйлдвэрлэлийн  үзэсгэлэн худалдааг үзэж сонирхохоос гадна  уламжлалт гар урлал,  идээ ундаа, нутаг нутгийн онцлог шингэсэн  брэнд бүтээгдэхүүнээс  худалдан авч, сонирхох боломжтой байв. Асруудын цаана  үхэр тэрэг хөллөн, тэргэн дээр эсгий тавьж,  хүмүүс сонирхон сууж байлаа. Нүүдэлчин монголчууд орой нүүхийн өмнө үхэр тэргээ гэрээ тойруулан тавьж, өглөө нь гэрээ ачин хөдлөхөд нь хамгийн арын тэргэнд бяцхан хүүхдүүд сууж явдаг сан. 

НААДАМД 1400 ГАРУЙ СОЁЛЫН ӨВИЙГ УЛАМЖЛАН ТЭЭГЧ ОРОЛЦОВ

Монгол түмний өв уламжлалыг түгээн уламжлах зорилго бүхий уг наадам энэ сарын 12-14-ний өдрүүдэд өргөн дэлгэр болсон юм. Наадамд алс баруун хязгаараас эхлээд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1400 гаруй соёлын өвийг уламжлан тээгч болон аймаг орон нутгийн төлөөллүүд, иргэд, жуулчид оролцлоо. Наадмын нээлтэд  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан,  Соёлын сайд Ч.Номин,  Монгол Улсын ерөнхийлөгчийн  соёл,  шашны  бодлогын зөвлөх Д.Бум-Очир нар  оролцож,  наадамд оролцогчдод  мэндчилгээ дэвшүүлж, өвлөн уламжлагч нартай уулзсан юм. Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин “Төрт ёсны залгамж  халаа  энэ цагт улам дэлгэрч,  Засгийн газар  соёлын өвөө  түгээн дэлгэрүүлэх,  хадгалан хамгаалах  зорилгоор  Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг  Улсын Их хурлаар батлуулж, Соёлын биет бус өвийн  тухай  хуулийн төслийг  боловсруулж байна.  Үүний зэрэгцээ гурван жил тутамд  улсын хэмжээнд  соёлын биет  бус өвийн  их наадмыг зохион байгуулах  хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд цар хүрээ,  ач холбогдлыг нь  олон улсын хэмжээнд тодорхойлох. Бүс нутгийн хэмжээнд  бусад улс оронд болдог  нүүдэлчдийн гэх тодотголтой  баяр наадам, фестивальтай эн зэрэгцэхүйц хэмжээнд хүргэхээр “Нүүдэлчин” дэлхийн  соёлын  наадмыг отог, өртөө хэлбэрээр  зохион байгуулж байна. Эдгээр ажлын хүрээнд Монгол Улсын соёлын  биет бус өвийн  долоон ай  савд хамаарах  362 өв, улс даяарх  12 мянга орчим  өвлөн уламжлагч цаашид нэмэгдэж,  Монгол Улс  дэлхийн нүүдэлчдийн  соёл иргэншлийн  төв гэдгээ  соёлын өв хэрэглээгээрээ дамжуулан  улам бүр  бататган  харуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Нээлтэд  уран бүтээлчид болон өв уламжлагчид урлагийн үзүүлбэр үзүүлэв. Тайзан дээр уртын дуу, хөөмий, морин хуур, ятга хөгжим эгшиглэн, усны зөөлхөн урсгал байгалийн сайхантай хосолж, Монгол хүнээс өөр хэн ч энэ аялгууг ийнхүү  зүрх сэтгэлээрээ сонсож, уяран хайлахгүй мэт тайван амгалан оршино.  Дараа нь морьтон баатрууд үзүүлбэр үзүүлж, морин дэл дээр дэлхийн талыг эзэгнэсэн монгол түмний түүхэн он цагийг харуулах мэт цугласан олныг огшоолоо. Нум сум агссан охид морин дэл дээрээс сум тавин давхих нь бахархам сайхан санагдлаа. Ийнхүү гурван өдрийн турш дуулж хуурдан, биелгээ хийж,  алсран буй Монгол өв соёл, уламжлалаа түгээв.

“БОРЖИГОН НУТАГТ ӨӨР НУТАГ ХОШУУНД ТОГЛОДОГГҮЙ ГУРВАН ТОГЛООМ БИЙ”

Мөн тусгай хэрэгцээт  хүүхэд,  иргэдийг  наадамд  оролцуулах, үзэх боломжоор хангаж,   нэгдсэн зохион байгуулалттайгаар  автобус,  хөтөч тайлбарлагч , дохионы хэлмэрч  гарган үйлчилж буйгаараа онцлог байв. Аймаг бүр соёлын өвөө сурталчлах, язгуур урлагийн, хүндэтгэлийн  гэсэн дөрвөн өргөөг эгнүүлэн барьжээ. Өв соёлыг түгээх аймаг бүрийн өргөөгөөр наадамд оролцож буй хүмүүс зочилж харагдана. Орхон аймгийн гэрийн гадна настан буурлаас эхлэн бяцхан өв уламжлагчид  биелгээ хийж, язгуур  урлагийн тоглолтоо үзүүлэн наадамчин олныг баясгах аж. Намрын налгар өдөр үргэлжилж, өргөн уудам монгол нутгийнхаа үзэсгэлэнт буйдхан талд аймаг бүрийн  өв уламжлагчид цуглан, мартагдсан өв уламжлалаа түгээн дэлгэрүүлж буйд цугласан олон  баярлаж буйгаа илэрхийлж байсан юм. Энэ үеэр Говьсүмбэр аймгийн өргөөгөөр зочиллоо. Гэрт ороход гэрийн хойморт дэвссэн олбог дээр төрөл бүрийн тоглоом наадгай өржээ. Хоёр баганын дунд идээ будаа тавьсан харагдана. Тухайн гэрийн хамгийн сонирхолтой хэсэг нь гэрийн баруун хатавчинд газрыг  төө хэрийн зайтай хоёр хэсэг газар ухаж, гал гарган нэг дээр хавсай чанаж, өнөөхөд нь боржигон цайгаа чанаж байлаа. Хажууд нь том араг дүүрэн аргал харагдана.  Ингэж гал гаргах нь гэр дотор халуун илч төөнөхгүй учраас  малчид зуны аагим халуунд  цагаан идээгээ ийнхүү боловсруулдаг байж.  

Боржигон түмний гайхалтай  өвийн нэг бол яах аргагүй хийцтэй, борцтой цай билээ. Аагтай шаргал цай, аргалын утааны үнэр хамар цоргин, хүүхдүүд тоглоом наадгайгаар тоглож, гэрийн эзэгтэй  цайныхаа дээжийг байгаль дэлхийдээ өргөсний дараа, зочиддоо аягалах аж. Гэрийн зүүн талд үндэсний хувцсаар гоёсон эмэгтэй , хөлөө нугалж суугаад цай ууж буй нь дэндүү  ихэмсэг, донжтой  харагдана. Энгийн хэрнээ гайхалтай дүр зургийг Монгол ахуйгаас л харах боломжтой гэхээр бахдам санагдах аж. Энэ үеэр Говьсүмбэр аймгийн өв уламжлагч эмэгтэй “Би цайгаа чанахдаа хамгийн сайхныг боддог. Удаан самарсан цай амттай сайхан болдог юм” хэмээн  хуучиллаа. Боржигон нутагт өөр нутаг хошуунд тоглодоггүй гурван тоглоом байдаг аж.  Нэг нь гэр дотроо харвадаг халц харваа гэж наадгай бий. Энэ нь зургаан тохой газраас хоёр тоглогч өөд өөдөөсөө харан хөлөө бохирч суугаад, гарын алган дээрээ шагайгаа тавьж харвадаг. Хамгийн түрүүнд 16 оноо авсан нь ялдаг уламжлалтай юм байна. Гэрийн гадна баруун, зүүн хатавчинд  том үхрийн ширийг модонд дэлгэн өлгөж, доор том аргай шагай тавьсан байлаа. Энэ нь  өөр аймагт тоглодоггүй аргай тонгорох тоглоом аж. Энэ тоглоомыг тус аймгийн Чойрын хийдийн лам нар тоглодог байжээ. Энэ үеэр тус өргөөгөөр зочилж буй Н.Урантуяагийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Би говь нутгийн хүн. Одоо Улаанбаатарт ажиллаж амьдарч байна. Говь нутгийн өв уламжлалын өргөөгөөр орж, хийцтэй, борцтой цайг уугаад  нутагтаа очсон мэт сайхан санагдлаа. Монгол түмнийхээ өв уламжлалыг түгээн дэлгэрүүлсэн ажил зохион байгуулж буйд талархаж байна” гэлээ. Аймаг бүрийн  өв уламжлалыг түгээх гэр давтагдашгүй дүр зургийг тодотгоно. Завхан аймгийн гэрээр ороход нүд унагам тансаг гар гар урлалаар хийсэн бүтээлүүд нь нүдэнд туслаа. Зоосон ширээний шүлжмэлээр  утас ээрэн суух  өв уламжлагч эмэгтэйг Б.Мөнхтуяа гэдэг. Тэрбээр уран хатгамалын төрлөөр урласан  дээл бүс, төрийн долоон эрдэнэ гэсэн нарийн бүтээлүүдээр өв соёлын их наадамд оролцож байлаа. Харин Ховд аймгийн өргөөгөөр ороход  тууль хайлж, үгийн уран, аялгууны тансагаар цугласан олныг баясгаж буйтай  таарав. 

Алсыг ширтэн боргох хоточ банхар, гүүн зэлэн дээрх дүр зураглал, сур элдэх монгол ёс,  овоо тахих зан үйл гээд дахин давтагдашгүй дүр зургийг энэ цаг хугацаанд харах боломжтой байв. Алсран одож буй монгол зан заншил, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх нь бидний эрхэм үүрэг билээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?