ТӨЛСӨН ТАХ-ИЙНХАА ТӨЛӨӨ ӨРСӨЛДДӨГ ЛИГ ГЭЖ БАЙЖ БОЛОХ УУ?

2022-11-21  

"XIOM" хөгжлийн лигт өмнө нь залуучууд оролцдог байсан. Тиймээс ч "Хөгжлийн Лиг" гэдэг нэрийг зүүж ирсэн. Хөгжлийн гэсэн нэр нь оролцогчдынхоо түвшинд тохирч байв. Холбооноос "Дээд Лиг"-ийг зохиодог учир энэ XIOM-д улсын аваргууд, шигшээ багийн тамирчид давхцан оролцдоггүй байсан түүхтэй.
Тэгвэл уг тэмцээнийг зохион байгуулагч "Шинэ эргэлт " клуб, түүнийг санаачлагч шигшээ багийн ахлах дасгалжуулагч Цэрэнтогтохын зүгээс энэ жилээс эхлэн шигшээ багийн тамирчдыг оролцуулах шийдвэр гаргасан нь теннис тоглогч олон залуучуудыг тус тэмцээнээс түлхсэн үйлдэл болсон байна. Нэгэнт шигшээ багийн тамирчидтай эн тэнцүү өрсөлдөх боломжгүй гэдгээ мэдэх теннис сонирхогч залуучууд өөрсдийн лигийг санаачилж, Champions" клубт тэмцээнээ зэрэгцүүлэн зохиож эхэлсэн. Үүнийг буруутгах аргагүй. Учир нь тэмцээнд оролцох залуучууд олноороо байна, мөн тэмцээнийг зохион байгуулчих клубууд шинээр бий болсон, дээр нь тэмцээнийг өөрсдөө санхүүжүүлдэг зэрэг нь нөлөөлсөн гэж хэлж болно. Ижил түвшиний, зиндаа ойролцоо тамирчидтай өрсөлдөхийг залуучууд эрхэмлэсэн нь тэдний өрх тусгаарлах хамгийн гол шалтгаан нь боллоо.
Харин " XIOM"хөгжлийн Лигийн хувьд нэрнээсээ өгсүүлээд алсдаа бодох тунгаах, мөн шийдэх багагүй зүйлтэй үлдлээ.
"Хөгжлийн Лиг" гэдэг бол Дээд Лиг биш. Хөгжлийн гэдгийг англи руу орчуулбал " League of Development", оросоор бол " Лиг развития" гэж бууж байх юм. Яав ч супер , топ лиг гэж сонсогдохгүй байна. Утгаар нь үзвэл, эхлэн тоглогчдоос арай дээгүүр зиндааны теннисчдэд л илүү хамааралтай утга санаа агуулагдана. Тиймээс ийм нэр оноосон тэмцээнд Монгол улсын үндэсний болон өсвөр үеийн шигшээ багийн тамирчид, ид тоглож буй өндөр зэрэглэлийн тамирчдыг оролцуулах нь зохимжгүй юм гэж санагдлаа.
Үүнийг эсэргүүцэж, тусдаа лиг зохиож гарсан залуучууд ч ийм л өнцгийг харсан байж таарна.
Тэгэж байтал, "Дээд Лиг"-ийг он гараад МШТХ-ноос зохионо гэж тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах хэлж байна.Түүнд шигшээгийнхэн болон өндөр зэрэглэлийнхэн уламжлал ёсоор оролцох нь мэдээж. Спонсороос хамаарч, багийн тоо олон, цөөн байх нь шийдэгддэг. Спонсор хангалттай олдвол найм байтугай багийг босгох тамирчид бий.
Мэдээж, тэмцээн олон байх нь тамирчдад ч, Холбоонд ч шаардлагатай байж таарна. Одоогоор Дээд Лиг, Улсын АШТ, Холбооны цомын аварга гэсэн гол гурван тэмцээнтэй. Шаардлагатай бол Лигийн цомын аварга гэдэг тэмцээнийг нэмж болох юм. Харин шигшээ баг, өндөр зэрэглэлийн тамирчдаа Холбооноос "Лиг развития"-д оролцуулах зөвшөөрөл олгох нь яав ч зөвтгөх аргагүй. Ямар ч гэсэн ийм нэгэн тэмцээн өндөрлөлөө.
"XIOM" хөгжлийн Лигийн аваргаар "Өсөх од" баг түрүүллээ. Тэдний багийн ялалтанд ОХУ-ын Буриадын Автономит улсын легионер Данзанов Баяр гол үүрэг гүйцэтгэлээ. Тус багт шигшээ багийн нэг ч тамирчин байхгүй гэдгээрээ онцлогтой. Дэд мастер Баттөмөр, дэд мастер Манлайжаргал нар Буриадын теннисчин Данзановт нэмэр болсон.
Тэд улсын аварга Лхагвасүрэн, спартакиадын аварга Төрболд, шигшээ багийн тамирчин Мөнхзориг, дэд мастер Буянбат нараас бүрдсэн багийг финалын тоглолтонд хоёр дараалан хожиж түрүүлжээ.
Түрүүлсэн баг нь 1,8 сая, үзүүрлэсэн нь 1,4 сая, хүрэл медаль хүртсэн баг нь 1.0 сая төгрөгийн шагнал, цом, медаль хүртсэн. Тэмцээнд нийт 7 баг оролцож, тус бүр 1 сая төгрөгийн хураамжийг төлсөн байна. Хураамжаас давж гарсан зардлыг "Шинэ эргэлт" клуб, "XIOM" спонсор байгууллага гаргажээ.
Эмэгтэй багт мөн л 7 баг өрсөлдсөнөөс ОУХМ, МУ-ын есөн удаагийн аварга Б.Батхишиг, Монгол улсын аварга Ц.Оюун-Эрдэнэ, МУ-ын хоёр удаагийн аварга, Олимпиан, ОУХМ Б.Болор-Эрдэнэ , спортын мастер М.Цэцэн нар зүтгэсэн "Гааль Бизнес Түншлэл" багийн теннисчид спортын мастер Г.Индра, МУ-ын аварга Б.Балжинням, дэд мастер Г.Сэлэнгэмөрөн нарын бүрэлдэхүүнтэй "Тэнгис синема" багийг мөн л 2:0-ээр хожиж түрүүлсэн байна.
Багийн дүнгээс гадна, эрэгтэй эмэгтэй тамирчдыг нэгбүрчилсэн амжилтаар нь эрэмбэлж, шагнал гардуулсныг сонирхуулбал:
Ганцаарчилсан эрэгтэй төрөлд:
1. Ч.Эрдэнэбаяр СМ ( Улсын аварга, Шигшээ багийн тамирчин)
2. Баяр Данзанов (ОХУ-ын Буриадын легионер)
3. М.Тэмүүлэн СМ( Дэд мастер шигшээ багийн тамирчин)
Эмэгтэй:
1. Б.Балжинням СМ (Улсын аварга, шигшээ багийн тамирчин)
2. М.Ундрам СМ (Улсын аварга, шигшээ багийн тамирчин)
3. Г.Сэлэнгэмөрөн СДМ (Дэд мастер)
Монголын Ширээний Теннисний Холбоо "XIOM" хөгжлийн Лигт шигшээ багийн тамирчдыг оролцуулсандаа дүгнэлт хийх цаг болжээ. Холбооноос зохиож ирсэн Дээд Лигтэй давхацсаныг яаж зохицуулахыг ч бас бодох шаардлагатай боллоо. Спонсор цөөрсөн ийм цаг үед олон сул баг бүрдүүлэх нь тэмцээн уралдааны чанарт ч давхар нөлөөлөх хортой аж.
Дээр нь, МШТХ-оос Монголын өндөр зэрэглэлийн теннисчиддээ рэйтинг тогтоолгүй явж ирлээ. ОУШТХ-ноос тамирчдын рейтингийг долоо.долоо хоногоор шинэчлэн тогтоодог журамд шилжсэн. Ийм жишгийг Т.Энхтөр, Б.Батхишиг нарын үүсгэн байгуулсан "Champions" клуб өөрсдийн тамирчиддаа хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс ч Монголын Ширээний Теннисний Холбоо суралцах болжээ.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?