ДАШТ 2022: ИРАНЫ ШИГШЭЭ БАГИЙН ТОГЛОГЧИД СҮЛД ДУУЛЛАА ДУУЛАХААС ТАТГАЛЗАВ

2022-11-22  

Катарт үргэлжилж буй эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний (ДАШТ) B хэсгийн тоглолт Даваа гарагт Англи, Ираны шигшээ багуудын тоглолтоор эхэлсэн юм.

Тоглолт эхлэхийн өмнө багууд талбайд төрийнхөө сүлд дууллыг дуулдаг уламжлалтай.

Харин Ираны шигшээ багийн тамирчид өчигдөр төрийн дууллаа дуулалгүй өнгөрсөн нь иргэдийнхээ тэмцлийг дэмжиж, эрх баригчдадаа эсэргүүцэл илэрхийлсэн хэрэг байв.

Энэ үеэр стадионд цугларсан Ираны хөгжөөн дэмжигчдийн зарим нь дургүйцлээ илэрхийлж, зарим нь тоглогчдоо дэмжиж байжээ.

Тоглолтыг шууд дамжуулсан Ираны төв телевиз төрийн дуулал эгшиглэх үеэр камераа тамирчдаас шилжүүлж, стадионы ерөнхий дүрсийг харуулсан байна.

22 настай Махса Амини хэмээх бүсгүй шашны ёсноос гадуур хувцасласан шалтгаанаар цагдаагийн хэсэгт саатуулагдаад байхдаа учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан явдал Ираны иргэдийг засгийн газрынхаа эсрэг босоход хүргэсэн юм.

Тэмцэл эхлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн ч нөхцөл байдал намжихгүй байгаа.

Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр өнгөрсөн хугацаанд Тегераны дэглэмийн гарт 400 гаруй тэмцэгч алагдаж, 16,800 орчим хүн баривчлагджээ.

Ираны эрх баригчид иргэдийн тэмцлийг гадаадаас зохион байгуулсан “үймээн самуун” гэж нэрлэж байгаа.

Өчигдрийн тоглолтын үеэр Ираны багийн хөгжөөн дэмжигчид иргэдийн тэмцлийг дэмжсэн утгатай уриаг хашхирч байв.

Ираны хөл бөмбөгийн шигшээ баг засгийн газрын эсрэг тэмцлийг ил тод дэмжихгүй байгаагийнхаа төлөө нэлээд шүүмжлүүлж байсан юм.

Гэхдээ есдүгээр сард болсон ДАШТ-ий өмнөх олон улсын хоёр тэмцээний үеэр Ираны хөл бөмбөгчид энгэр дэх шигшээ багийнхаа бэлгэ тэмдгийг халхалж, тэмцэгчидтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байжээ.

Өчигдрийн тоглолтод Английн шигшээ баг Ираны багийг 6:2 харьцаатай хожсон юм.

Эх сурвалж: BBC, Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?