ХАРҮ БАШЁД ТҮРҮҮЛСЭН Б.ЛХАГВАСҮРЭНГИЙН ТУХАЙ ТОВЧХОН

2023-03-29  

Японы мэргэжлийн сумогийн Харү башё өндөрлөсөн хэдий ч энэ удаагийн ялагчийн талаарх мэдээлэл газар аван тэлж байна. Осака хотод болсон энэхүү хаврын тэмцээнд Сэкивакэ Кирибаяама буюу Бямбачулууны Лхагвасүрэн гэдэг залуу түрүүлсэн нь ёстой нөгөө битүү морь наадамд цойлон гарч ирсний дайтай шуугианыг сүмогийн ертөнцөд тарилаа.

Тэр тусмаа Харү башёгийн сүүлийн өдөр нэг унаа дутуу явсан боловч тэргүүлж явсан комүсүби Даяэйшюг дараалан хоёронтоо давж, Японы эзэн хааны цомыг гардан авах болзол хангаж түрүүлсэн нь жинхэнэ сенсаац дэгдээсэн хэрэг л дээ. Тийм болохоор Харү башёгийн гол баатар яалт ч үгүй Кирибаяама Лхагвасүрэн. Тэрбээр сумогийн дээд эрэмбийн сэкивакэ цол хүртээд, анхныхаа тэмцээнд зодоглоод түрүүлчихэв. Ингэснээр Эзэн хааны цом хүртсэн ес дэх монгол бөх болж байгаа юм.

Бүх Японы сумогийн түүхэнд шинээр сэкивакэ цол хүртсэн бөх анхны барилдаандаа түрүүлсэн дөрөв дэх тохиолдол нь энэ юм байна.

Бямбачулууны Лхагвасүрэн хэмээх 27 настай энэ залуу Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат, үзэмчний удамт бөх, сумын заан цолтон юм байна. Харин Японы мэргэжлийн сумо бөхийн хувьд сэкивакэ цолтон бөгөөд ирэх башёд озэки цолны болзол сонсож барилдах бололтой.

Кирибаяма Лхагвасүрэн 1996 онд Дорнод аймгийн Сэргэлэн суманд малчин ард Бямбасүрэнгийн гэр бүлд төржээ. Япон улсад анх хөл тавихад түүний өндөр 180 см, жин 70 кг байсан байна. Жүдо бөхийн бэлтгэл хийдэг нь түүнд давуу тал болж байсан боловч сүмогийн багш нь гадаад бөх авах хүсэлгүй хэмээн дэвжээндээ дурамжхан авчээ. 2015 онд Тэцүо нэрээр анхлан барилдаж байсан тэрбээр сүмогийн доод гурван зиндаанд түрүүлсэн юм. 2019 онд жүрё зиндаанд дэвшин нэг жил хүч үзэж, 2020 оны нэгдүгээр сард дээд зиндаанд дэвшин одоог хүртэл барилдаж байна.

Шалгаруулалтад орох үедээ “сүмочин болж эцэг, эхийнхээ ачийг хариулмаар байна. Тэднийгээ Японд авчрах хүсэлтэй” хэмээн ярьсан нь дэвжээндээ үлдэхэд нь түлхэц болсон гэдэг. Түүний шүтдэг бөх нь ёкозүна Харүмафүжи.

Б.Лхагвасүрэнгийн амжилтын зам тийм ч шулуун дардан байгаагүй. Нагоя башё эхлэхийн өмнө баруун өвдгөө хүнд бэртээж, хэсэгтээ завсарлага авчээ. Тухайн үед сэтгэлээр унахад багш нь “Чи анх ирэхдээ ёкозүна болохын төлөө хичээнэ” гэж хэлж байснаа сана. Тиймээс жүрё бол чиний зорилго биш. Зүгээр л туулаад өнгөрөх зам. Одоо чиний хийх зүйл бол ердөө бэлтгэл” гэж байсан байна. Энэ үгийг сонссон Б.Лхагвасүрэн хүнд хэцүү бэлтгэлээ хойш тавилгүй хичээсээр намрын тэмцээнээс эргэн ирж, макүшита зиндаанд дахин дэвшжээ.

2019 оны Хацү башёд дэвшин орсноор Монголоос төрөн гарсан мэргэжлийн сүмо бөхийн 34 дэх цолтой бөх болов. Гурван жил гаруй барилдсаны эцэст цолтой бөх болсон нь тэр. Удалгүй жүрёд 11 давснаар дээд зиндааны хүчтэнүүдтэй мөр зэрэгцжээ.

Дээд зиндаанд дэвшсэн талаар хэвлэлийн бага хурал дээр Б.Лхагвасүрэн “Мэргэжлийн сүмод орсон нэг зорилгоо биелүүлж чадлаа. Монголд байгаа гэрийнхэн маань миний барилдааныг үзэж чадах боллоо” хэмээж байв.

Кирибаяма Монголоос төрсөн 26, гадаадын 49 дэх дээд зиндааны бөх болсон. Дээд зиндааны шинэ бөх Кирибаяма Б.Лхагвасүрэнд Японы “Нестле” компани гоёлын маваши бэлэглэжээ.

Тэр Какүрюү М.Ананд аваргыг ихэд хүндэтгэдэг бөгөөд “Өнгөрсөн есдүгээр сард ёкозүна Какүрюү манай дэвжээнд шилжиж ирсэн нь их нөлөө үзүүлсэн. Аваргын зөвлөгөөгөөр жингээ нэмж, 140 кг болсон. Аварга хажууд суугаад хоол идэж дуустал хараад сууж байдаг. Жин нэмсний ачаар өнгөрсөн тэмцээнд 11 ялж чадлаа” хэмээн ярьсан байна.

2020 оны Хацү башё буюу Тэрүнофүжи аварга түрүүлсэн тэмцээний үеэр Кирибаяма Б.Лхагвасүрэн гоц сайн барилдаж, гарамгай барилдааны шагнал хүртжээ. Энэ шагналыг хоёр сая иен дагалддаг ажээ.

Кирибаяма сэкиваке болсныхоо дараа “Банцүкэд нэр минь ёкозүна, озэкигийн дараа бичигдсэнд их баяртай байна. Анх сүмод орж байхад сэкивакэ үүлэн дээр байгаа мэт л хол санагдаж байсан” гэж ярьжээ.

Кирибаяма Б.Лхагвасүрэн Харү башёд анх удаа түрүүлснээр Монголын сүмочдын 97 дахь түрүү, ес дэх бөх боллоо.

Эзэн хааны цом өргөснийхөө дараа Б.Лхагвасүрэн түрүү бөхийн ярилцлага өгөх үедээ “Давсан эсэхээ мэдээгүй байсан болохоор ялжээ гэдгээ ойлгосон тэрхэн үед хаана байгаагаа ч мартсан байсан. Бага зэрэг сандарч тэвдэж байсан ч өөрийнхөөрөө л барилдана гэж шийдсэн байсан. Хоёр барилдаан хоёулаа олигтой барилдаан биш байсан ч эцэст нь ялсандаа баяртай байна. Түрүүлэх талаар огт бодоогүй. Өдөр өдрийн барилдаандаа л анхаарлаа хандуулж байлаа. Найман жилийн дотор дээд зиндаанд түрүүлж чадсандаа баяртай байна” гээд, “Ирэх башёд Озэки цолны төлөө хамаг хүчээрээ хичээн барилдах болно” гэдгээ хэлсэн байна. Мөн “Озэки цол хүртчихээд харих юмсан, Какүрюү аваргын зодог тайлах ёслолд озэки цолтой оролцохсон” хэмээн ярьжээ.  

Дээд зиндаанд түрүүлсэн монгол сүмочид:

Одоогоор Монголын 9 бөх макүүчид нийт 97 түрүү хүртээд байна.

Асашёорюү - 25 түрүү

Хакүхо - 45 түрүү

Харүмафүжи - 9 түрүү

Кёкүтэнхо - 1 түрүү

Какирюү - 6 түрүү

Тэрүнофүжи - 7 түрүү

Тамаваши - 2 түрүү

Ичиножёо - 1 түрүү

Кирибияма - 1 түрүү

Эх сурвалж: Монцамэ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?