ЖОЗЕ МОУРИНО КЛУБЫН 27 ДАХЬ ЦОМОО ӨРГӨХ ҮҮ?

2023-05-15  

 Европа Лигийн шөвгийн дөрвийн эхний тоглолтонд Германы Леверкузен багийг талбай дээрээ 1:0-ийн харьцаагаар хожиж, хариу тоглолтын өмнө давуу байдлыг Жозе Моуриногийн удирдсан " Рома " баг үүсгэж чадлаа. Хариу тоглолтонд Леверкузен багтай тэнцэх тохиолдолд Европа Лигийн финалд шалгарах юм. Тэр нөхцөлд Жозе Моуриног зогсоох хэцүү гэж хөлбөмбөгийн мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь, түүн шиг тактикийн онолыг гарамгай эзэмшсэн дасгалжуулагч өдрийн од шиг ховор гэж үздэг. Өнгөрсөн улиралд Рома багтайгаа Конференсе Лигт түрүүлснээр Аваргуудын Лиг, Европа Лиг, Конференсе Лиг зэрэг Европын клубуудын дунд зохиодог нэр хүндтэй тэмцээний бүх цомыг эзэмшсэн цорын ганц дасгалжуулагч болсон. Энэ улиралд Европа Лигт түрүүлж чадах аваас Рома багийн түүхэнд тэрбээр шинэ дээд амжилт тогтоох юм. Рома баг талбай дээрээ Леверкузен багийг 1:0-ээр хожсоны дараа "Италиа спорт " сонины сурвалжлагч түүнд баяр хүргэсэнд: - Баярлах эрт байна. 1:0 бол дөнгөж л хоёр багийн эхний тоглолтын дүн. Эхний тоглолтонд хожлоо гээд баярлан дэвхцэж, хожигдлоо гээд ч уйлж үзээгүй. Эцсийн дүн хоёр тоглолтын нийлбэр дүнгээр шийдэгдэнэ. Леверкузен баг бол басах муу баг огт биш гэж тэрбээр хариуллаа. Европа Лигт, энэ улиралд "Рома" багийг түрүүлүүлж чадах аваас тэрбээр клубын 27 дахь цомоо өргөх юм. Түүний хувьд дасгалжуудагчийн гараагаа Барселона багт туслах дасгалжуулагчаар ажиллахдаа эхлүүлсэн түүхтэй. Голландын алдарт дасгалжуулагч Ван Гаалийн удирдлага дор 3 жил ажилласны дараа тэрбээр Португалийн Порто багийг бие даан удирдах болсон. Тэр цагаас л Жозе Моурино гэдэг мэргэжилтний нэр Европын хөлбөмбөгийн ертөнцөд дуулдах болсон. Дараа нь Испанийн Реал Мадрид, Английн Манчестер Юнайтед, Челси, Италийн Интер Милан, Английн Тоттенхэм, хамгийн сүүлд Рома багийг удирдаж буй. Түүний цом өргөсөн түүхээс товчлон сөхвөл;

Нэг: Португалийн Порто баг: Португалийн аварга( 2002- 03, 2003- 04), Португалийн Супер цомын аварга 2002-03), Европа Лигийн цомын аварга ( 2002-03), Аваргуудын Лигийн аварга ( 2003-04)

Хоёр: Английн Челси баг: Английн хөлбөмбөгийн холбооны Карабао цомын аварга( 2004-05, 2006- 07, 2014-15), Английн Премьер Лигийн аварга ( 2005-06, 2014-15), Английн хөлбөмбөгийн холбооны Лигийн цомын аварга ( 2006-07)

Гурав: Италийн Интер Милан баг: Италийн супер цомын аварга ( 2010-11), Италийн холбооны цомын аварга (2009- 2010), Серия-А Лигийн аварга ( 2009-10), Аваргуудын Лигийн аварга (2009- 10)

Дөрөв: Испанийн Реал Мадрид: Испанийн цомын аварга ( 2010-11), Ла Лигийн аварга ( 2011-12), Испанийн супер цомын аварга ( 2012-13)

Тав: Английн Манчестер Юнайтед баг: Английн холбооны цомын аварга (2016), Английн холбооны Карабао цомын аварга ( 2016-17), Европа Лигийн аварга (2016-17) Зургаа: Италийн АС Рома баг: Европын Конференсе Лигийн аварга ( 2022) Одоогоор дээрхи 6 багийн хамт тухайн улсын үндэсний Лигийн болон Европ тивийн тавцанд нийтдээ 26 цом өргөжээ. Өдгөө нас сүүдэр 60 хүрсэн ч, аль нэг багт гологдох дасгалжуулагч биш гэдгээ Тоттенхэм багаас хөөгдөж, Рома-д ирсэн улиралдаа баталж Конференсе Лигт түрүүлсэн. Ийнхүү Жозе Моурино цомыг байлдан дагуулагч мөн гэдгээ батлах л үлдлээ.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?