ОЛИМПЫН САЙД "АМ МЭХ"-НД ОРЖ, МОНГОЛ УЛС 2024 ОНД ОЛИМПОД "ЦАГААН ТУГ"-ТАЙ ОРЖ БОЛЗОШГҮЙ БОЛСОН УУ?!

2023-09-15  

 

“...Допинг бол дэлхийн дүрэм” гэдгийг бид хэзээ, яаж ойлгох хүмүүс юм, бүү мэд. Гэтэл Үндэсний бөхөө ийм шинжилгээнд оруулчихаад, түүнийгээ тойрч хэрэлдээд сүйд л болж байна. Гадныхан “...Танай фестивальд допингийн шинжилгээ хэрэг байгаа юм уу” гээд л жуумалзацгааж байгаа дуулдана. Аргагүй л дээ, энэ байдал маань гаднаасаа ямар харагдаж байгаа нь ойлгомжтой. Ер нь бол бөхийн судлаач, хорхойтнуудын хэлж яриад байгаагаар үндэсний бөхөө допингоос салгачих хэрэгтэй юм. Тэгэхгүй бол “...Дэлхийд ганцхан” гэдэг наадам маань ч утгаа алдлаа.

Гэхдээ эндэх допинг тойрсон асуудал үндэсний бөхөөс илүүтэйгээр их спортод гай болж магадгүй боллоо. Тодруулбал, ирэх жил болох Олимпын наадамд Монгол Улс “цагаан туг” дор орж болзошгүй болжээ.

Яагаад гэвэл, Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-ийн салбар болох Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /MONADA/-гийн үйл ажиллагаанд БТСУХ-ны нэр бүхий ганц хоёрхон хүн хэдэн жилийн өмнөөс халдсаар иржээ. Тэр нь БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нар юм байна. Монголд өнөөдөр допинг тойрсон хэл ам гаарч, түүний буруутнаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага тодорсон нь тэдэнтэй холбоотой гэхэд болно. Хамгийн гол нь энэ байдал даамжирсаар, хэрээс хэтэрч, Монгол Улсад ч хор болоод эхэлжээ. Учир нь тэдний оролцоотойгоор Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааг шилжүүлэн авах оролдлогууд хийгдсээр ирсэн. Дэлхийн допингийн эсрэг агентлаг руу матаас, гүтгэлгийг удаа дараа явуулж, Үндэсний шигшээ багийн тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийг шилжүүлэхгүй байх зэргээр үйл ажиллагааг нь сулруулж, явсаар улсын асуудал болж хувираад байна. Жишээ нь, БТСУХ шинжилгээний төлбөрийг хоёр жил гаруй саатуулахад Н.Оюунбат дарга олон улс руу ямар мэдээлэл өгч байснаа өөрөө мэдэж байгаа л даа.

Өмнө нь хэлж байсан даа, “...Жоомоо алах гээд байшингаа шатаана” гэж, тэр л болоод байгаа аж.

Бидэнд БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэлийн гарын үсэг бүхий нэг албан бичиг байна. Тэрбээр Төв Азийн бүсийн Допингийн эсрэг байгууллагад 2021 оны арваннэгдүгээр сарын 22-нд 3/774 дугаартай “Тодорхойлолт гаргах тухай” албан бичиг илгээжээ. Тухайн үед БТСУХ-ны дарга байсан Ц.Шаравжамцын оронд гарын үсэг зураад явуулчихсан байгаа юм. Түүндээ “...Монгол Улсын буудлагын Үндэсний шигшээ багийн тамирчин О.Гүндэгмаагийн манай байгууллагад ирүүлсэн хүсэлтийн дагуу Төв Азийн бүсийн Допингийн эсрэг байгууллагад доорх тайлбарыг хүргүүлж байна. Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт зааснаар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг Засгийн газар баталж, хүчин төгөлдөр болох хуулийн зохицуулалт үйлчилж байна. Монгол Улсын БТСУХ нь “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг “Дэлхийн допингийн эсрэг агентлаг”-аас зөвлөж буй жишиг дүрмийг ашиглан спортын холбоод болон Монгол Улсын Олон улсын ба үндэсний спортын арбитрын байгууллагатай хамтран боловсруулж дуусгаад байна. Энэхүү дүрмийн төсөлд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага санал өгч, хамтран ажиллахаас албан ёсоор татгалзаж байгаагаа албан бичгээр илэрхийлсэн тул Монгол Улсад нийтээр дагаж мөрдөх “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг Засгийн газраар батлуулах ажил хүлээгдэж байна. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын гаргасан дүрмийн талаар Монгол Улсын Засгийн газар, түүний харьяа байгууллагад “Допингийн эсрэг үндэсний дүрэм” батлагдсан мэдээлэл байхгүй учир Монгол Улсад допингийн эсрэг хяналтын тухай дотооддоо нийтээр дагаж мөрдөх албан ёсны дүрэм байхгүй болохыг уламжилж байна” гэжээ.

Эндээс хоёр зүйл харагдана. Нэгдүгээрт, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагаас “юм” илэрч, энэ нь Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Төв Азийн бүсийн Допингийн эсрэг байгууллагаар нэлээд асуудал болсон байна. Тухайн үед нь БТСУХ, тэр дундаа О.Гэрэл нь О.Гүндэгмаад ийм “тодорхойлолт” хийж өгсөн. Энэ нь асуудлыг улам хурцатгасан. О.Гүндэгмаа энэ бичгийг нь авч Лондон хүртэл явж заргалдаад ялагдсан. Хоёрдугаарт, О.Гэрэл энэ албан бичгээр “...Энэхүү дүрмийн төсөлд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага санал өгч, хамтран ажиллахаас албан ёсоор татгалзаж байгаагаа албан бичгээр илэрхийлсэн тул Монгол Улсад нийтээр дагаж мөрдөх “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг Засгийн газраар батлуулах ажил хүлээгдэж байна. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын гаргасан дүрмийн талаар Монгол Улсын Засгийн газар, түүний харьяа байгууллагад “Допингийн эсрэг үндэсний дүрэм” батлагдсан мэдээлэл байхгүй учир Монгол Улсад допингийн эсрэг хяналтын тухай дотооддоо нийтээр дагаж мөрдөх албан ёсны дүрэм байхгүй болохыг уламжилж байна” гэчихсэн байдаг. Энэ нь Дэлхийн допингийн эсрэг агентлагаас Монгол Улсыг “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д нэгдэн орсон үүргээ биелүүлээгүй гэсэн шууд дүгнэлтийг хийхэд хүргэж байх жишээтэй. Учир нь УИХ-аас 2007 оны наймдугаар сарын 16-нд ЮНЕСКО-ын 33 дугаар чуулганаас гаргасан энэхүү Конвенцыг соёрхон баталсан байдаг. Эх сурвалжуудын мэдээллээр иймэрхүү агуулга бүхий 4-5 бичиг илгээжээ. Уг нь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын зүгээс Дэлхийн допингийн эсрэг агентлагт “...Монгол Улс Конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлж байгаа, түүнийг зөрчихгүй гэдэг хуультай” хэмээн тайлбарласаар иржээ.

Гэвч, Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Төв Азийн бүсийн Допингийн эсрэг байгууллагад өөрсдийгөө “...Бид Монгол Улсын Засгийн газар байна” гээд ойлгуулчихсан эдгээр хүмүүсийн үйл ажиллагаанаас болоод Монгол Улс ирэх Олимпод“цагаан туг” дор оролцож болзошгүй. Яагаад гэхээр, Дэлхийн допингийн эсрэг агентлаг “...Монгол Улс Конвенцид нэгдсэн үүргээ биелүүлээгүй” гээд манай Засгийн газарт хариуцлага тооцох эрх зүй байхгүй. Тиймээс Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаа л “шийтгэж” таарна. Харин үүнтэй холбоотойгоор авах арга хэмжээ нь дээр хэлсэнчлэн “цагаан туг” аж. Гэтэл Олимпын сайд Б.Бат-Эрдэнэ БТСУХ-ны дээрх бичиг сачиг, матаас үйлдэгчдийг дэмжиж буй талаар мэдээлэл яригдаад эхлэв. Энэ нь гайхаш төрүүлж буй юм. Эрхэм сайд “ам мэх”-нд орчихов уу гэлцэж байна.

Ер нь хилийн цаана Монгол Улсаа харлуулах энэ мэтийн үйлдэл хийдэг нөхдүүд нэлээдгүй байдаг. Саяхан л гэхэд зүүн чигийн нэг боомтын дарга цаашаа Хятад руу гарч очоод “...Монгол Улсын асуудлыг би шийднэ. Өмнө нь та нартай ярьсан гэх зүйлүүд бүтэхгүй шүү” гэж хэлсэн байгаа юм. Маш ноцтой шүү, энэ?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?