"CHANGI" НИСЭХ БУУДЛААР ПАССПОРТГҮЙ НЭВТРҮҮЛНЭ

2023-09-21  

 Дэлхийн хамгийн тохь тухтай шилдэг нисэх онгоцны буудлуудын нэг болох Чанги-гаар дамжин өнгөрөх үйл явц ирэх жилээс улам хялбар болох гэж байна. 

Учир нь, 2024 оноос эхлэн Сингапурын “Changi” нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй зорчигчдод зөвхөн биометрийн өгөгдлөөр паспортгүйгээр дамжин өнгөрөх боломжийг олгох бөгөөд үүний тулд хилийн шалган нэвтрүүлэх автоматжуулсан үйлчилгээг нэвтрүүлнэ гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдэгдлээ.  

Даваа гарагт тус улсын парламент Сингапурын Шилжилт хөдөлгөөний тухай хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулсан бөгөөд энэ үеэр Харилцаа холбооны сайд Жозефин Тео хэлэхдээ “манай улс дэлхийд хамгийн анхны автоматжуулсан, паспортгүйгээр нэвтрүүлэх үйлчилгээг бий болгож буй улсуудын нэг болно” гэв.

“Changi” нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх цэгүүдэд биометрийн өгөгдлийг нүүр царай таних программ хангамжтай хослуулан ашиглаад эхэлсэн ажээ. Гэхдээ удахгүй хийх өөрчлөлтүүдийн дүнд “зорчигчид бичиг баримтаа олон дахин үзүүлэх хэрэгцээ шаардлага багасч, саадгүй, хялбархнаар нэвтрэх боломжтой болно” гэж Ж.Тео хэлжээ.

Ингэхдээ цүнх буулгахаас эхлээд хилээр шалган нэвтрүүлэх, онгоцонд суух хүртэлх замд янз бүрийн автомат мэдрэгчтэй цэгүүдийг байгуулж, биометрийн өгөгдлүүдийг ашигласнаар онгоцны тасалбар, паспорт гэх мэт бичиг баримтүүдийг байн байн нягтлах шаардлагагүй болох юм.

Гэхдээ Сингапурын хилийн гадна буюу паспортгүй дамжин өнгөрүүлэх үйлчилгээг нэвтрүүлээгүй улс орнуудад паспорт шаардлагатай хэвээр байгаа гэдгийг Ж.Тео дурджээ.

Эх сурвалж: CNN, Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?