БАХДАЛ БАЯР, ОЛИМПИЙН ЭРХТЭЙ АЗИЙН НААДАМ

2023-10-10  

Тамирчдын дөрвөн жилийн хүч хөдөлмөр, бэлтгэлийн үр шим, амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэх боломжийг олгодог наадам бол цэнгэлийн манлай олимп билээ. Тэгвэл чансаагаараа олимпийн наадмын дараа орж, тивдээ аль хавьцаа явж буй чансаагаа тодорхойлдог дараагийн өндөр зэрэглэлийн тэмцээн бол Азийн наадам юм. Мөн л дөрвөн жилд нэг удаа болдог энэ наадмыг бага олимп хэмээн нэрийдэх нь бий. Тэгвэл энэ жилийн Азийн наадам ирэх олимпийн цикл эхэлсэн үед БНХАУ-ын Ханжоу хотод болж амжилттай өндөрлөлөө. Азийн зуны спортын XIX наадамд 45 орны 12 мянга орчим тамирчин 40 спортын төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөн юм. Энэ удаагийн наадамд оролцсон Монголын багийн амжилтын тухай тоймлон хүргэе.  

Монголчууд багийн спортоор түүх бичив

Энэ удаагийн Азийн наадамд Монголын баг 403 тамирчин 34 спортын төрөлд 129 дасгалжуулагч, нийт 532 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсон юм. Үүнээс гурван алт, таван мөнгө, 13 хүрэл, нийт 21 медаль хүртэж, багийн дүнгээр 22 дугаар байрт эрэмбэлэгдлээ. Тэмцээний эхний өдрүүдэд наадмын медалийн буухиаг О.Есүгэн, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа нарын бүрэлдэхүүнтэй буудлагын эмэгтэй шигшээ баг урт бууны 10 метрийн зайн дасгалд хүрэл медаль хүртсэнээр эхлүүлсэн билээ. Харин буудлагын охидын араас жүдогийн тамирчид тэмцээнээ эхлүүлсэн. Эмэгтэйчүүдийн -52 кг жинд Л.Сосорбарам Индонезын тамирчныг ялж хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн -66 кг жинд Ё.Басхүү мөнгөн медаль хүртсэн. Хонконг, Тажикистан, Узбекистаны бөхчүүдийг ялсан Ё.Басхүү финалд Японы Риома Танакад ялагдсан юм. Харин Энэ удаагийн Азийн наадамд Монголчууд анх удаа багийн спортоор түүх бичсэн нь сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг байсан юм. Азийн наадамд өрсөлдсөн 3х3 эмэгтэй сагсан бөмбөгчид Тайвань улсын шигшээ багийг ялж, финалд шалгарсан. Тэд алтан медалийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч хүчирхэг БНХАУ-ын шигшээ багтай өрсөлдсөн юм. Ийнхүү Азийн наадмын багийн спортын түүхэн дэх анхны мөнгөн медалийг 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг эх орондоо авчирсан бол эрэгтэй баг хүрэл медалийн төлөө БНСУ-ын багийг 21:20 харьцаагаар хожсон билээ. Ийнхүү Монголын сагсчид эрэгтэй эмэгтэй төрөлд хоёуланд нь медалийн тавцанд зогсож чадсан нь манай улсад багийн спорт эрчимтэй хөгжиж, энэ төрлөөр монголчууд дэлхийд амжилт гаргах боломжтойг баталсан юм.

Гурван алтан медальтан

Тэмцээний эхний өдрүүдэд алтан медаль хүртээгүй байсан Монголын багийн анхны алтан медалийг боксын 63.5 кг-д гавьяат тамирчин, ОУХМ Б.Чинзориг авчирсан билээ. Өнгөрсөн олимпод амжилт гаргаж чадаагүй хэмээн нийт монголчуудаасаа уучлалт хүсэж зогссон тэрбээр энэ удаагийн Азийн наадамд бэлтгэл сайтай байгаагаа баталж, Тайванийн тамирчин Чай Лу Энийг бүх үеийн турш илт дувуу ялснаар аваргын алтан медалийг хүртсэн. Тэрбээр “Энэ удаагийн наадмын тулаан бүхэн чухал, хариуцлагатай байлаа. Нэг зүйл буруу хийхэд л тулааны хувь заяа эсрэг эргэх эрсдэлтэй байсан. Тиймээс их хичээж, нягт тоглохыг хүссэн. Үүнийхээ хүчээр Монголын багийн анхны  алтан медалийг авчирч, олимпийн эрхээ авсандаа баяртай байна” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн билээ. Харин дараагийн алтан медалийн эзэн чөлөөт бөхийн тамирчин Т.Тулга байсан юм. Тэрбээр 65 кг-д  аваргын төлөө Ираны Рахман Амоузадхалилиг 11:1 оноогоор цэвэр ялснаар Азийн наадмын түүхэнд 26, чөлөөт бөхийн спортоос төрсөн 12 дахь алтан медалийн эзэн болсон юм. Монголчуудын хувьд “Ханжоу- 2022" Азийн наадмын сэтгэл огшоож, бахдал төрүүлсэн үйл явдал нь Монголын тамирчин байт харвааны төрөлд анх удаа аваргын алтан медаль хүртсэн явдал байв. Тодруулбал ОУХМ Б.Отгонболд эзэн орны тамирчин Шиан шуо Чи-г 6:2 харьцаагаар ялж, Монголын багийн гурав дахь алтан медалийг авчирсан билээ. Ингэснээр Б.Отгонболд "Парис 2024" олимпод оролцох эрхээ авсан юм.

С.Жамбалжамц хүрэл медаль хүртлээ

Харин тэмцээний сүүлийн өдрүүдэд чөлөөт бөхийн хүнд жинд гавьяат тамирчин М.Лхагвагэрэл мөнгөн медаль хүртсэнээс гадна дугуйн спортын тамирчид Азийн наадмаас анхны хүрэл медаль хүртсэн нь Монголын спортын түүхэнд бас нэгэн түүхэн үйл явдал болж үлдлсэн юм. Манай тамирчин С.Жамбалжамц 4:31.11 секундээр замаа дуусгав. Энэ төрөлд Казахстаны дугуйчид болох Евгени Федоров, Алексей Луценко нар 4:25.29 цагаар алт, мөнгөн медаль зүүлээ. Манай бусад дугуйчдын хувьд Б.Тэгшбаяр 4:36:16 цагаар барианд орсноор 35-д жагссан юм. Ийнхүү XIX удаагийн Азийн наадмыг Монголын баг тамирчид ололт амжилтаар дүүрэн оролцож, алдсан нэг нь алдаанаасаа суралцаж, ирэх жилийн олимпийн өмнөх их сэргэлтийг хийсэн бахдал баяр, олимпийн эрхтэйгээр өндөрлүүлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?