Испанийн “Барселона”, Германы “Боруссиа Дортмунд” багууд УЕФА-гийн Аваргуудын лигт оролцох эрхээ авлаа.
Хэсгийн шатны тавдугаар тойргийн тоглолтод "Барселона" талбайдаа Португалын “Порто”-г 2:1 оноогоор хожлоо. Пепегийн гоолын дараа (30 дахь минут) “Барселона”-гийн португал хамгаалагч Жоао Кансело (32 дахь минут), Жоао Феликс (57 дахь минут) нар гоолджээ.
Энэ тоглолтод хожсоноор “Барселона” 12 оноотой болж, H хэсгийг тэргүүлэн плей-оффт шалгарлаа. Хоёрдугаарт “Порто”, гуравдугаарт Бельгийн “Антверпен” багийг (1:0) хожсон Украины “Шахтер” (тус бүр 9 оноотой) орж байна.
12 дугаар сарын 13-нд болох сүүлийн тойрогт Порто талбайдаа “Шахтер” багтай, харин “Антверпен” “Барселона”-тай тоглоно.
“Боруссиа” багийн хувьд Италийн “Милан”-ыг талбайд нь 3:1-ээр буулган авчээ. Германы багаас Марко Ройс (10 дахь минут, торгуулийн цохилт), Жейми Байно-Гиттенс (59), Карим Адееми (69), Италийн багаас Саму Чуквузэ (37) нар гоолдсон байна.
F хэсгийн өөр нэг тоглолтод Францын “Парис Сен-Жермен” баг талбайдаа Английн "Ньюкасл" -тай 1:1 оноогоор тэнцжээ. Тоглолтын 24 дэх минутад Александр Исак гоол оруулснаар “Ньюкасл” тоглолтыг тэргүүлж эхэлсэн боловч 90+8 минутад Килиан Мбаппе торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэснээр оноог тэнцүүллээ.
“Боруссиа” 10 оноогоор хэсгээ тэргүүлж, плей-оффт шалгарлаа. Энэ хэсэгт ПСЖ 7 оноогоор удаалж байгаа бол “Ньюкасл”, “Милан” багууд тус бүр 5 оноотой байна.
12 дугаар сарын 13-нд болох F хэсгийн сүүлчийн тойргийн тоглолтод “Боруссиа”-“ПСЖ”, “Ньюкасл”-“Милан” багууд учраа таарчээ.
Эх сурвалж: БАРСЕЛОНА, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /cbssports/