ХЯТАД УЛСЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД БУСАНЫ ДАШТ-Д МӨН Л НОЁРХЛОО

2024-02-27  

  Парис-2024 зуны олимпийн өмнөх ширээний теннисний энэ оны хамгийн том, нэр хүнд бүхий  тэмцээн Солонгосын Бусад хотод энэ сарын 16-25 -ны өдрүүдэд үргэлжилж, энэ  ням гарагт өндөрлөлөө. Эрэгтэй, эмэгтэй багийн аль аль төрөлд нь Хятадын ширээний теннисчид түрүүллээ.  Хэсгийн болоод, хасагдах шатны бүх тоглолт  "амь тавьсан", эцсийн хүчээ шавхсан  маш өрсөлдөөнтэй болов. Эхний наймд шалгарсан багуудад Парис- 2024 олимпод оролцох эрх олгох шийдвэрийг олон Улсын Ширээний Теннисний Холбоо анх удаа гаргасан нь тийм өрсөлдөөний суурийг тавьсан юм. Тиймээс улс орны  багуудын хувьд  ДАШТ-д  түрүүлэх, медальд хүрэхээс гадна, олимпийн эрх авах нь түүнээс дутуугүй "шагнал" болж байв.  Миний хувьд Токиод байгаа боломжоо ашиглан YouTube-ээр бүх тоглолтыг цаг тухайд нь өөрөө үзэхийн зэрэгцээ, Монголын ширээний теннисчидийнхээ хүсэлтийг биелүүлж, Монгол улс руугаа шууд дамжуулалтыг хийсэн.

Дүнг сонирхуулахад:

Эрэгтэй баг:

Алт-Хятад

Мөнгө-Франц

Хүрэл-Өмнөд Солонгос, Тайван

Эмэгтэй баг:

Алт-Хятад

Мөнгө-Япон

Хүрэл-Гонконг, Франц

Энэ дүнгээс харахад Хятад, Япон, Өмнөд Солонгос, Гонконг, Тайван зэрэг Ази тивийн баг медалийн тавцанд давамгайлж, бусад тивийн нэрийг Франц улс л ганцаараа тахаллаа. Энэ зун Францад зуны олимп болно. Тэр утгаар нь шинжвэл  Францын ширээний теннисчид бэлтгэлээ тун давгүй базааж гэж бодогдлоо. Ингээд финалын тоглолтын дараа Хятад болон Японы эмэгтэй теннисчидийн өгсөн ярилцлагаас хураангуйлан  толилуулъя.

Хина Хаяата ( Японы шигшээ багийн тоглогч): -Багтаа эхний хожлыг авчирч, багийн гишүүддээ урам зориг нэмсэндээ баяртай байгаа боловч Хирано Миу тоглолтын харьцааг  2:1 болгож өгсөн сайхан боломжийг ашиглаж чадаагүйдээ сэтгэл дундуур байна. Сүн Ян Шаг дөрөвдүгээр  өрөгт хожиж чадсан бол баг маань тав дахь тоглолт гаралгүй түрүүлэх байлаа.

Энэ удаагийн ДАШТ-д Хятад улстай алтан медалийн төлөө ана мана үзэлцлээ. Хэдийгээр сайшаалтай ч, үүнд тайвширч үл болно. Учир нь хэдхэн сарын дараа бид Парис- 2024 зуны олимпод учраа таарах болно. Хятадын баг Парисын олимпод 1 биш,  2 биш, 3, түүнээс дээш тооны  судалгаа хийж, түүндээ суурилсан  тактик боловсруулан орж ирэх нь дамжиггүй.  Зуны олимпод тэдний эсрэг өнөөдрийнх шиг  тэмцэлдэж  чадах эсэхийг хэлэхэд хараахан эрт байна. Гэхдээ бүх чадлаа дайчлан  хичээх  болно.

Хирано Миу(Япон):

-Ерөнхий харьцаа 1:1 болсон үед  гурав дахь тоглолт хожлын хувь заяаг шийдвэрлэхэд нөлөөлөх  маш чухал тоглолт байсан. Сэтгэл зүйн хүнд дарамт тулгарсан. Гэтэл  надаас илүү Хятад тамирчин илүү сандралтай байгааг анзаарсан. Үүнийг мэдэрсэн учраас аль болох  чөлөөтэй тоглож, багтаа чухал хожил авчирсан.  Багийн гишүүн  Мима Итогийн  зөвлөгөөг дагаж,  хамтдаа хожиж чадсан.

Харимото Мива(Япон):

-Намайг  залуу тамирчин гэж гололгүй энэ ДАШТ-д  олон удаа тоглох боломж олгосон  багийнхандаа юуны өмнө талархая. Надад итгэл хүлээлгэж, бүр  аваргын төлөөх  финалын шийдвэрлэх  тоглолтонд  гаргасанд хичнээн их баярлав. Энэ удаад хожигдсон ч,  цаашид багийнхаа итгэлийг нь алдахгүй хожил авчрахыг хичээнэ гэж хэллээ.

Харин Японы ширээний теннисчидийг 3:2-оор хожиж , аваргалсан Хятадын ширээний теннисний шигшээ багийн тамирчид: Чень Мэн (Хятад) :

-Япон улсын шигшээ  багтай хийх аваргын төлөөх  тоглолт маш хүнд болно гэж мэдэж байсан учраас бэлтгэлээ маш  сайн базаасан. Финалын тоглолтын өмнөхөн  Лиу Гуолиан багш бидэнтэй уулзаж, тамирчдын сэтгэл зүйг өргөж, өөдрөг сэтгэлтэй оруулсан. Эхний өрөгт хожигдсон ч, баг маань тавь дахь шийдвэрлэх тоглолтыг гаргаж ирэхэд  баг хамт олныхоо  хүчийг мэдэрсэн, Яавч хоёр дахь удаагаа хожигдож болохгүй гэж бодсон. Яагаад гэвэл би багийнхан дундаа насаар ахмад нь, мөн бүхий л  өндөрлөгт хүрсэн нэгэн. Төгсгөлийн шийдвэрлэх өрөгт Японы Мива Хариматог 3:1- ээр хожиж,  багтаа алтан медаль авчрахад хувь нэмэр оруулж чадсандаа сэтгэл өндөр байна. Хятадын ширээний теннисний хүчтэй баг хамт олондоо баярлалаа.

Сү Инша(Хятад):

-Багш дасгалжуулагч хөгжөөн дэмжигч нартаа баярлалаа. Шийдвэрлэх  тав дахь өрөг бол сэтгэл зүйн хувьд хамгаас  хүнд тоглолт  байлаа. Харимото Мивагийн ур чадвар  сүүлийн жилүүдэд огцом  дээшилсэн. Тиймээс өөрийн тамирчныг оноо, авах алдах бүрт сэтгэл түгшиж  байв. Үнэхээр зүрх сэтгэлийг " урсан" тоглолт  болсон.

Ва Иди(Хятад):

-Хичнээн би хожигдсон ч баг маань миний  алдааг минь засаж, ялалт байгууллаа.  Ийм  хүчтэй баг хамт олноороо бахархаж байна.

Open photo

Э.ЛХАГВАСҮРЭН Токио хотоос мэдээллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?