ОЛИМПД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨХ МАРАФОНЧИН

2024-03-21  

БНСУ-ын  Сөүл хотноо 79 орны 40 мянга орчим гүйгч оролцсон томоохон марафон  саяхан боллоо. Энэхүү тэмцээнд оролцсон Монголын тамирчин Б.Мөнхзаяа олимпод оролцох эрх “өвөртөлсөн” билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа түүний тухай онцолж байна. 

Долдугаар байрт шалгарав 

Энэ сарын 17-нд Сөүл хотын Гуанхвамун талбайд 'Сөүл марафон-2024' амжилттай болж өндөрлөсөн. Тус тэмцээнд 38 мянга орчим хүн бүртгүүлж, “Гванхвамун” талбайгаас “Жамсил” спорт цогцолбор хүртэл өөрсдийн хурд хүч, тэсвэр тэвчээрийг сорьсон билээ. Энэхүү марафонд оролцсон Монголын тамирчин ОУХМ Баярцогтын Мөнхзаяа 2:24.45 цагийн амжилтаар  “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох болзол биелүүллээ. Манай тамирчны хувьд эмэгтэйчүүдийн 42 км-ын зайд уралдсан бөгөөд энэ төрөлдөө шагналт  долоодугаар байрт шалгарч, улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн байна. Б.Мөнхзаяа нь  “Улаанбаатар марафон”-ны зургаан удаагийн аварга бөгөөд УАШТ-ий 5000, 10000, хагас марафоны дээд амжилтыг эзэмшигч ажээ. Энэ удаагийн Сөүлийн марафонд Кени, Этиопоос эхлээд марафон гүйлт өндөр хөгжсөн орнуудаас тамирчид ирж уралдсан байна. Б.Мөнхзаяагийн хувьд энэхүү амжилтаараа шилдэг 10-т шалгарсан цор ганц ази тамирчин болсон байна. Тэрбээр энэ удаагийн уралдааны бэлтгэлээ дасгалжуулагч Б.Доржпаламын хамтаар БНСУ-д базаасан нь ийнхүү үр дүнгээ өгсөн тухай онцолсон байна. 

Гурав дахь олимпдоо оролцоно

Б.Мөнхзаяагийн хувьд өмнө нь хоёр удаа олимпод оролцож байсан туршлагатай. Тэрбээр 17 наснаасаа хөнгөн атлетикаар хичээллэсэн бөгөөд энэ спортоор хичээллэж удаагүй байхдаа буюу 2011 онд Дорнод аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртээд зогсохгүй УАШТ-ээс мөн мөнгөн медаль хүртсэн байна. Ийнхүү ахлах ангиа төгсөөд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн дасгалжуулагчийн ангид элсэн, хотод ирснээсээ хойш А.Гантулга багшийн удирдлага дор тогтмол бэлтгэл хийж эхэлжээ. Тэрбээр энэхүү спортын тухай  “Амжилт гаргаж, ур чадвар ахих тусам урамшдаг. Одоо надад эргэлзэх, буцах эрх байхгүй. Энэ спортоос хэзээ ч сэтгэлээ татаж чадахааргүй дурласан” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Б.Мөнхзаяа 2017 онд Тайванийн марафонд түрүүлж, тус тэмцээнээс алтан медаль авсан Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин болсон юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?