ХЯТАДЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИДЭЭС "ПАРИС - 2024" ОЛИМПОД ХЭН ОРОЛЦОХ НЬ ТААМАГ ХЭВЭЭР ҮЛДЛЭЭ...

2024-03-21  

   “Сингапурын их дуулга” ширээний теннисний олон улсын тэмцээн нь олимпын өмнөх рэйтинг олгодог цөөхөн тэмцээний нэг  гэдгээрээ онцлогтой.  Тиймээс шилдэг ширээний теннисчид рэйтингээ өсгөх  ховор боломж гэж үзэн дэлхийн өнцөг бүрээс цугларч, оролцлоо. Шилдэг тамирчид  рэйтингээ өсгөснөөр өөр хоорондоо эрт таарах магадлалаас зайлсхийхэд ач холбогдолтой. "Сингапурын Их дуулга " тэмцээний шагналын сан ч өндөр байлаа. 2024 оны гуравдугаар сарын 10-17 -ны өдрүүдэд   ширээний теннисний таван төрлөөр ( нэгбүрчилсэн, баг, дан хос ( эр, эм)  холимог хос)  Сингапурт өрсөлдөж,  1,5 сая ам.долларын шагналыг медалийн тавцанд гарсан шилдгүүд хуваан авцгаав.  Бүх  таван төрөлд БНХАУ-ын тамирчид аваргаллаа.  Түүгээр зогсохгүй өөр хоорондоо финалдлаа. Холимог хосын төрөлд л Өмнөд Солонгосын тамирчид мөнгөн медаль авснаас бусад бүх медаль, дагалдах мөнгөн шагнал нэг л улс руу урслаа. Арга ч үгүй биз. Дэлхийн  эрэгтэй ширээний теннисчиний чансааны эхний тав , эмэгтэйгийн  эхний дөрвийг  БНХАУ-ын тамирчид дангаараа эзэлдэг. Ийм үед тэдэнтэй хэн эн тэнцүү өрсөлдөх билээ.
  Хятадын ширээний теннисчид өөр хоорондоо  финалдаж,  медалийн төлөө амь тавин өрсөлдсөн нь бас учиртай. Цаагуураа  Хятад улсын ширээний теннисчидээс хэнийг нь энэ удаагийн олимпын наадамд оролцуулах вэ? гэдгийг шийдэх томоохон сорилт болж өнгөрсөн юм.  Тиймээс Сингапурын Их Дуулгын наадам бол  Хятад улсын ширээний теннисний шигшээ багийн тамирчдын дунд  "Хэн нь олимпод оролцож, медалийн эзэн болох  вэ?" гэдэг давхар сорилт боллоо. 
  Уншигчдадаа  сануулан сонирхуулахад,   "Бээжин-  2008"  зуны  олимпод  БНХАУ-ын тамирчид алт, мөнгө, хүрэл медалийг бүгдийг нь хуу хамж байсан түүхтэй. Тиймээс   2012 оны олимпоос эхлэн   нэг улсаас зөвхөн хоёр тамирчид олимпод оролцох журмыг ОУОХ-ноос  гаргасан. Энэ бол үндсэндээ  Хятад улсын тамирчдын тоог л хоёр болгож  хязгаарласан хэрэг.  Энэ шийдвэрийн үр дүнд  бусад тивийн  улс орны ширээний теннисчин олимпийн  ядаж нэг медальд хүрэх  боломжоор хангагдсан. Хятад улсын ширээний теннисний шигшээ баг хамгийн түрүүнд багийн төрлөөр олимпийн эрх авдаг уламжлал тогтсон. Багийн төрлөөр түрүүлсэн тохиолдолд ганцаарчилсан төрлийн хоёр эрхийг давхар олгодог журам бий. Харин  багийн төрлөөр эрхээ авч чадаагүй улс орнууд ганцаарчилсан төрлийн эрхийн тэмцээнд оролцож, болзлоо хангахын төлөө өрсөлддөг.  Тэгэхээр Хятад улс аль хэдийнээ эрхээ авсан ч , тамирчид дотооддоо амь тавин өрсөлдсөн тэмцээн боллоо.
БНХАУ-ын ширээний теннисний холбоо нь  олимпийн сонголтыг шударга явуулах үүднээс  томоохон тэмцээнүүдэд  тамирчиддаа дотоодын оноог өгч дүгнэдэг.   Азийн наадамд эхний гурван байр, Азийн аварга, Дэлхийн ганцаарчилсан төрлийн АШТ, багийн төрөлд   хагас финал, финалуудад гээд тус бүр  оноо өгч тооцно. Гэвч эцсийн мөчид тэд яг хэн нь олимпын аваргын алтан медалыг эх орондоо авчирч чадах хамгийн магадлал өндөр хоёр тамирчинаа хуралдаж санал хураалт явуулж байж шийддэг.  Үүнд багш, дасгалжуулагч нарын дуу хоолой , үүрэг, маш их нөлөөтэй. Энэ удаагийн тэмцээнээс Хятад улсын шигшээ багаас Парис- 2024 олимпод хэн хэнийг оролцуулахаар сойв ? гэдгийг тодорхойлоход хэцүү хэвээр үлдлээ.  Дэлхийн  АШТ-д  амжилттай оролцсон тамирчид  нь  явж гавьсангүй. Мэдээж,  маш өндөр түвшинд тоглож буй тамирчдын хувьд дараалж өндөр түвшинд тоглоно гэдэг амаргүй.  Бие, оюун санааны хувьд ч тэр, өөрийгөө мотивацжуулахад ч тэр аль аль нь хэцүү. Дэлхийн аваргад гарааны эхний гуравд ороогүй тамирчид өөрсдийгөө харуулах чин хүсэл эрмэлзлээр дүүрэн оролцлоо.   Тиймдээ ч эмэгтэй нэгбүрчилсэн төрөлд  ДАШТ-ий  сэлгээнд сууж байсан Ван Маню , Ван Иди нар финалдав.  Харин эрэгтэй нэгбүрчилсэн төрөлд  Ван Чучин түрүүлж,  сэлгээний тоглогч  Лиан Жинкун удаалав. Хосын төрлүүдэд Ма Лонг-  Лин Гаоюань нар түрүүлж ;  - Анхны WTT тэмцээний аварга болсондоо маш их баяртай байна гэж Ма Лонг ярилцлага өгөв. Ингэснээр Ма Лонгийн хувьд ирэх олимпод ганцаарчилсан төрөлд эрхээ авч чаддаггүй юмаа гэхэд,  багийн төрөл гуравдугаар ракетаар явах боломж  бүрдүүлэх шиг санагдав . /Багийн төрөлд дундаа дан хосын төрөл явагддаг./
Харин Ван Чучины хувьд ганцаарчилсан төрөлд явах эрхээ баталгаажуулав  гэж харлаа. Мөн Фан Зеньдон түүний хамт нэгбүрчилсэн төрөлд явах болов уу гэсэн таамагийг дэвшүүлж байна. Эмэгтэйчүүдээс харин хэн явах нь маш тодорхойгүй  болов. Юу ч болж байсан дэлхийн нэг номер Сүн Иншаг олимпод сойх болов уу гэж таамаглах л үлдлээ. 

Э.ЛХАГВАСҮРЭН ( токио хотоос мэдээллээ) 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?