ХЯТАДЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БҮХ НАСААР НЬ ХОРИЛОО

2024-03-29  

    Хэбэй мужийн шүүхээс  БНХАУ-ын Хөлбөмбөгийн Холбооны экс ерөнхийлөгч Чег Хуюаныг бүх насаар нь хорих шийдвэр гаргалаа.  Харин түүний хамсаатнуудад 14, 13, 8 жилийн ялыг тус тус оноолоо гэж Синьхуа агентлаг мэдээллээ.
  Хятад улсын удирдагч Си Жин Пин "  Хятад  улсыг хөлбөмбөгийн хүчирхэг гүрэн " болгох зорилтыг одоогоос хэдэн жилийн өмнө дэвшүүлсэн.  Гэтэл тус холбооны  удирдлага чихэн дүлий, нүдэн балай,   зоригтойгоор үргэлжлүүлэн " идсээр" байж.  Хэдэн сар үргэлжилсэн шалгалтын дүнд Хятад улсын Үндэсний Хөлбөмбөгийн Холбоо авилгалд гүнзгий идэгдэж, санхүүгийн хувьд аль эртнээс сульдан доройтсоныг  хууль хяналтынхан нийтэд дэлгэлээ.
2010 оноос 2023 оныг дуустал нийтдээ 13 жил Холбооны удирдлагад  огт "салхи"  оруулалгүй, өөрсөддөө эрх мэдлийг төвлөрүүлж,  санхүүгийн тайланг  санаан дураар  үйлдэн,   дэд ерөнхийлөгч,  ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхий мэнэжэртэйгээ бүлэглэн хуйвалдаж,  холбооны санхүүжилтийн дийлэнхийг   хувьдаа завшицгааж  байсан нь хяналт шалгалтын явцад тогтоогджээ.  Ийнхүү  Хятадын эрх баригч намын авилгын эсрэг тэмцэх бодлогын  хүрээнд шидсэн торонд  Хятадын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч,  дэд ерөнхийлөгч Ли Тай, болон бусад  гол гишүүдийн хамт орооцолдсон байна.
Авилгалыг толгойлогч Чегийн улс төрийн бүхий л  эрхийг цуцалж, хөрөнгийг  нь улсын өмч болгон хураан авсан байна.  Эдгээр дөрвөн   эрх мэдэлтэн  2010- 2023 оны хооронд  холбоонд орж ирсэн 11.2 сая ам.долларын  10,6  сая ам.долларыг хувьдаа завшсан байна. Энд , Азийн Хөлбөмбөгийн Холбооны дэмжлэгийн  санхүүжилтийг оруулаагүй бөгөөд, дээрхи тоо бол зөвхөн дотоодын компани, хувь хүмүүсийн мөнгөн хандив, шагналаас зувчуулсан мөнгөний л хэмжээ юм.
Тэдний тарьсан балаг мөнгө идсэнээр зогссонгүй. Холбооны  санхүүгийн нөхцөл хүндэрч,  өдөр тутмын үйл ажиллагаа нь нурж, улмаар оффисоос  хөлбөмбөгийн талбай руугаа хальж, шударга бус тоглолтыг ч хөхүүлэн дэмжиж, бүхэлдээ Хятадын Үндэсний Хөлбөмбөгийн Холбооны  хөгжлийг хойш нь татжээ. Ийм хариуцлага ч давхар тооцогдсон байна.
Ял сонссоны дараа экс ерөнхийлөгч хятадын хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид болон нийт хөлбөмбөгчидөөсөө  уучлал хүслээ гэж Синьхуа агентлаг нэмж мэдээллээ.
Хятад улс авилгын хэрэгт туйлын хатуу ханддаг, цаазын хуультай.  Гэвч хуулийн байгууллага шалгах явцад экс ерөнхийлөгч Чег  гэм буруугаа эртнээс хүлээж, хуулийн байгууллагатай хамтран ажилласныг онцолж, цаазын ялнаас өршөөгдсөн ч,   бүх насаар нь хорих шийдвэр гаргасан байна. Түүний нэг багийн гишүүн, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ченг Ёонглианг, дэд ерөнхийлөгч Юу,  Хятад улсын супер лигийн ерөнхий мэнэжэр Донг Зэнг нарт 14, 13, 8   жилийн хорих ялыг тус тус оноожээ.
  " Зуны болон өвлийн  олимпын олон арван төрлөөр  Хятадын тамирчид дэлхийд тэргүүлж буй. Харин  хөлбөмбөг  нэг л өөдлөхгүй  байсны гол учиг ийнхүү тайлагдлаа.   Хятадын Хөлбөмбөгийн Холбоонд үүрлэсэн авилгын бэтгийг Хятад улс шахаж чадсанаар, Си Жин Пин удирдагчийнхаа " Хөлбөмбөгийн хүчирхэг гүрэн" " болох зам нээгдлээ гэж China daily cонин мэдээллээ.
  Одоогоор Хятадын үндэсний шигшээ баг Азийн хэсэгтээ Өмнөд Солонгос, Тайланд, Сингапурын багтай багтсан. Хэсэгтээ 7 оноотойгоор Өмнөд Солонгосын багийн ард жагсаж буй юм. 

Э.ЛХАГВАСҮРЭН ( Шанхай хотоос мэдээллээ) 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?