ОХУ-ЫН БОКС, ХҮНДИЙН ӨРГӨЛТ, ГИМНАСТИКИЙН ТАМИРЧИД "ПАРИС-2024" ЗУНЫ ОЛИМПООС ТАТГАЛЗЛАА

2024-04-04  



   ОХУ-ын тамирчдыг олон улсын тэмцээн, уралдаанд оролцохыг хориглосон хоёр жилийн шийтгэл дууссан учир "Парис- 2024" зуны олимпод оролцох эрх нь нээгдсэн. Гэвч ОУОХ-ноос тодорхой нөхцөл шаардлагыг  Оросын тамирчдад тулгаж буй. Үүнд: Тухайн эрх авсан тамирчин  Украйнтай хийж буй ОХУ-ын дайныг илэрхий  дэмжээгүй байх. Допингийн журмыг хангасан байх. Завсрын далбаан дор оролцох. Түрүүлсэн ч Оросын сүлд дууллыг үл эгшиглүүлэх. Багийн төрлөөр оролцохгүй. Ийм нөхцөл шаардлагыг биелүүлж, хүлээн авсан тохиолдолд олимпийн эрх авсан Оросын  тамирчдыг олимпод оролцуулна гэдгээ ОУОХ мэдэгдлээ. Дээрхи шийдвэрт ОХУ-ын эрх баригчид тийм ч таатай хандсангүй. Гэвч тамирчдынхаа Олимпод оролцох хүсэл эрмэлзлэлийг хорьж чадахгүй дээрээ тулжээ. Дасгалжуулагчид ч хоёр хуваагджээ. Бокс, хүндийн өргөлт , уран сайхны болон спортын гимнастик, усанд сэлэлт, усанд шумбагч, тулгуур жадны төрлийн тамирчид "Парис- 2024" зуны олимпод оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Дээр нь хөлбөмбөг,  сагсан бөмбөг, усан бөмбөг, синхрон усан бүжиг, гар бөмбөг, ширээний теннис, триатлон, хөнгөн атлетик, морин спортын  тамирчид нь Олимпийн цугларалтанд гарч амжаагүй учраас бас Олимпийг өнжих нь.  Харин  чөлөөт бөх, жюдо, таэквондо, газрын теннис,  завь, дугуй  зэрэг эрхээ нэгэнт авсан төрлийн тамирчид  Олимпод оролцоно гэдэг дээрээ бат зогсож, бэлтгэлээ үргэлжлүүлж байна.
   ОХУ-ын тамирчдад тулгаж буй дээрхи шаардлагаас гадна,  Олон Улсын Олимпийн Хорооноос Парис- 2024 зуны олимпийн нээлтэнд Оросын тамирчдыг оролцуулахгүй гэдэг шийдвэрийг мөн дуулгасан  байна. Энэ удаад Оросын тугийг мандуулахгүй, сүлд дууллыг эгшиглүүлэхгүйгээс гадна, тамирчдын хувцас өмсгөл, цүнх зэрэгт Орос улсыг илэрхийлсэн ямар нэгэн таних тэмдэг тавихыг давхар хориглолоо.
    ОУОХ-ны Оросын тамирчдыг хавчсан, шахсан шийдвэрүүд нь ДУМ-ын гишүүдийг ч талцуулсан байна. Цагтаа хүнд жингийн боксчин  явсан, өдгөө ДУМ-ын гишүүн Николай Валуев : - Ингэж доромжлуулж, дээрэлхүүлж байж олимпод оролцоно гэж үү?  Татгалзах хэрэгтэй. Харин олимпод оролцсон тамирчдыг нь ард түмэн дэмжихгүй байх хэрэгтэй гэж улайрсан бол:- Үгүй шүү. Олимпод оролцох олдож буй боломжийг тамирчин бүр ашиглах ёстой.

Тамирчны амжилт гаргах нас бол богинохон. Тиймээс хугацаа огт алдаж болохгүй" гэж чөлөөт бөхийнхнийгээ дэлхийн дөрвөн удаагийн аварга, ДУМ-ын гишүүн  Николай Карелин дэмжлээ. Ийнхүү бүхий л шатанд дэгдсэн маргааныг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Дмитрий Песков тасаллаа.
- Далбаагүйгээр оролцог л дээ. Далбаагүй гээд бид өөрийнхөө тамирчныг танихгүй гэж үү? Танина шүү дээ. Олимпод түрүүлбэл, эх орныхоо далбааг өргөөгүй гэж түүгээр бахархахгүй байх хэрэг үү?  Бахархах болно. Оросын тамирчин бол өөрөө Оросын далбаа, Оросын сүлд дуулал гэсэн үг. Тэр өөрөө төрийн далбаа болно гэж тамирчдаа зоригжуулж, Орос улсаа өмгөөллөө.


Э.ОТГОНЖАРГАЛ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?