Алдарт АДИДАС фирм Германы Хөлбөмбөгийн Холбоотой 1956 оноос хойш хамтран ажиллаж буй. Адидасын үйлдвэрлэсэн футболкыг өмссөн Германы Хөлбөмбөгийн Шигшээ баг ДАШТ-д дөрөв, Европын АШТ-д гурван удаа түрүүлээд байгаа билээ. Энэ оны зургадугаар сарын 14-өөс долдугаар сарын 14-ныг дуустал нэг сарын хугацаанд Германы 10 хотод үргэлжлэх Европын АШТ-ний футболкийг ч Адидас үйлдвэрлэсэн. Хоёр сарын дараа албан ёсоор өмсөх энэ футболкийг нөхөрсөг тоглолтонд өмссөнөөр энэ асуудал анхлан дэгджээ. Футболка дээрх 4 гэсэн номер нь , бүр 44 гэдэг номер нь SS гэсэнтэй адил харагдах юм байна гэх шүүмжлэл сошиалаар өрнөснөөс болж Адидас фирм энэхүү футболкыг хэвлэхээ зогсоож, худалдаанаас татаж эхэлсэн тухай ВВС мэдээллээ.
- Бид Европын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагад өөрийн багийн 1-26 номер бүхий футболкыг танилцуулж , албан ёсны зөвшөөрөл авсан. Хувцасны шинэ загварт SS-ийн буюу нацист Германы шинж чанарыг агуулсан зүйл харагдаж байна гэж албаны хүмүүсийн зүгээс хэн нь ч өмнө нь хэл яриа үүсгээгүй. Тиймээс энэ футболкыг нөхөрсөг тоглолтонд өмсөж талбайд гарсан. Хэрвээ худалдаанаас татаж эхэлж буй бол бид ижил төстэй дизайн бүхий футболкыг шинээр хийх хэрэг гарлаа гэж Германы Хөлбөмбөгийн Холбооны албаны хүмүүс хариу мэдэгдэл хийв. Тодотгоход, Германы Хөлбөмбөгийн Шигшээ аль ч багийн ( эрэгтэй, эмэгтэй)
тоглогчдын дунд 44 номертой тоглогч байхгүй юм байна. Тийм хэдий ч Адидас фирм хаширлан, 1-100 хүртэлх дугаараа хэрхэн яаж бичих талаар Германы Хөлбөмбөгийн Холбооноос шинээр тодотгол авчээ.
- 4 гэдэг номер бий. Харин 44 гэдэг номерийг байлгахгүй гэдэг дээр тохиролцож буй. Нацизм, арьс өнгө, үндэстэн ястнаар ялгаварлан гадуурхах, хүчирхийллийн өчүүхэн ч үзэл санааг бид дэмжихгүй гэж Адидас фирм онцоллоо.
Нийтдээ 70 орчим жил хамтран ажилласан Адидас фирмийн футболкаар Германы Хөлбөмбөгийн Шигшээ баг 2024 оны Европ тивийн АШТ, 2026 оны ДАШТ-ээр гоёх үлджээ. Цааш нь, 2027 оноос эхлэн Nike компани Адидас фирмээс үйл ажиллагааг нь залгуулан авч, Германы Хөлбөмбөгийн багийг үргэлжлүүлэн дэмжихээр гэрээ байгуулжээ.
Э.ЛХАГВАСҮРЭН