ХОЙД СОЛОНГОСЫН ХҮНДИЙГ ӨРГӨГЧИД ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВАХААР КУБЫГ ЗОРИНО

2024-04-09  



     БНАСАУ -ын эрх баригчид  2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар  сарын 11-ний хооронд Парис хотноо зохиогдох Зуны олимпод оролцоно  гэдгээ албан ёсоор зарласан. 2020 оноос хойш Олон улсын тэмцээнд оролцох эрхээ хоёр жилээр хасуулсан тус улсын тамирчид нь эрх олгох  үлдсэн  цөөн тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж эрхээ авахыг зорьж байна.  Хойд Солонгос улсын хувьд нэг л хүн шийдвэр гаргаж, түүнийг нь ягштал мөрддөг онцлогтой. Тухайлбал, Токио- 2020/21 зуны олимпод Ковид-оор шалтаглан оролцохоос татгалзсан.   Өмнө нь , олимпийг хамтран зохион байгуулсангүй гэж Өмнөд Солонгосын талтай зөрчилдөж,  тамирчдаа оролцуулалгүй,  Сөул- 1988  олимпийг бойкотлосон.  Мөн Лос Анжелес- 1984  олимпод ОХУ-ын шийдвэрийг дэмжиж, тамирчдаа илгээхээс татгалзсан. Голдуу л улс төрийн зорилгоор бойкотлож ирсэн түүхтэй. Тэгвэл Олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь 2023 онд нээсэнтэй холбогдуулан тус улсын эрх баригчид Парис-2024 зуны олимпод тамирчдаа эрх авахуулахын төлөө чармайх болов.
   Түүхийг сөрвөл, Хойд Солонгос Улс нь анх  1972 оны Мюнхений зуны олимпод оролцсоноос хойш 46 медаль хүртэж, түүний  16 нь алтан медаль юм.   Тэр дундаас  5 алтан медалийг зөвхөн хүндийн өргөлтийн тамирчид эх орондоо аваачсан байдаг. Энэ удаа ч тэдний найдлага бол хүндийн өргөлт хэвээр. 2023 оны 10 дугаар сард Хятад улсын Ханжао хотод зохиогдсон Азийн наадмаас л гэхэд Хойд Солонгосын тамирчид 6 алтан медаль хүртэхдээ зургууланд нь шинэ  рекорд тогтоож чадсан онцлогтой.
Гэтэл Олон улсын хүндийн өргөлтийн холбоо (IWF)- ноос Хойд Солонгосын тамирчдыг  "Парис-2024" тэмцээнд оролцуулах боломжгүй гэж үзэн,  допингийн эсрэг сорилт хийлгэхэд нь шаардлага тавьжээ.
- Бусад бүх улсын хүндийг өргөгч тамирчид зохих шаардлагын дагуу допингийн шинжилгээ өгч, үзлэгт хамаарагдсан. Гэтэл  Хойд Солонгосын тамирчдад өөрөөр хандаж байгаа нь  алдаа. Кубад  зохиогдох, олимпийн эрх олгох тэмцээнд Хойд Солонгосын тамирчдыг оролцуулах болсон нь энэ зууны хамгийн тэнэг шийдвэр. Бүгдээрээ эсэргүүцэцгээе гэж Австрали улсын хүндийн өргөлтийн дасгалжуулагч Пол Коффа бусад улсын холбоодоо уриаллаа.  Тэрбээр үүссэн нөхцөл байдлыг  "сүйрэл" гэж нэрлэн , энэ шийдвэрээ цуцлахгүй бол Спортын арбитрт хандана гэж мэдэгдээ.
Хариуд нь,- Допингийн шинжилгээ хийлгээгүй гэдэг асуудлыг  тулгаж, тамирчдыг тэмцээн уралдаанаас хасах нь зохимжгүй үйлдэл. Спорт бол шударга, тэгш байх ёстой. Одоогийн мөрдөж буй ОУОХ-ны дүрмээр Хойд Солонгосын тамирчдыг Олимпийн эрх авах тэмцээнээс  захиргаадан хасах заалт байхгүй. Тийм учраас Хойд Солонгосын тамирчдыг  Кубын Гавана хотод зургадугаар сарын 8-аас 18-ны хооронд зохиогдох  Гран Прид оролцуулах  болно гэж ОУОХ-ны албан эх сурвалж  мэдэгдсэн байна.  Ийнхүү бусад орны хүндийг өргөгчдийг  "чичрүүлдэг"   Хойд Солонгосын " акулууд"  Олимпийн хэдэн эрх авах вэ? гэдгийг зургаан сард мэдэх болох нь.

Э.ЛХАГВАСҮРЭН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?