ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГАД МА ЛОНГ, СҮН ИНША НАР ТҮРҮҮЛЭВ

2024-04-23  

  Ковидоос шалтгаалан 2020 оноос хойш өнжсөн Дэлхийн Цомын Аварга Шалгаруулах Тэмцээн  энэ сарын 15-21-ны өдрүүдэд Хятад улсын Макао хотод  зохиогдож өндөрлөлөө.  1980 онд   анх зохиогдож эхэлсэн Дэлхийн цомын аваргын эрэгтэй ширээний теннисчидийн  42 дахь,   эмэгтэй ширээний теннисчидийн  25 дахь (1996 оноос хойш ) удаагийн  Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Хятад улсын ширээний  теннисчин Ма Лонг( эр),  Сүн Инша ( эм) нар нутаг нэгтнүүдээ хожиж түрүүлэв.   Дэлхийн цомын АШТ өнжсөн гурван жилд  "WTT Final" тэмцээн орыг эзэлж байсан юм.  Тиймээс Дэлхийн цомын аваргын тэмцээнийг дахин  сэргээж, нэр хүндийг нь өсгөх зорилгоор   ОУШТХ-ноос эрэгтэй, эмэгтэй цомын АШТ-ийг анх удаа хамтад нь зохион байгууллаа. Оролцогчдын тоо  өмнө нь ердөө  16 байсан уламжлалыг эвдэж, 48 болгон өргөтгөн, тамирчдын оролцоог  гурав дахин нэмэгдүүлэв.  Тив, дэлхийн аваргад  үзүүлсэн амжилт,  дэлхийн  чансааны оноог  харгалзан 44 шилдэг тамирчинг сонгохын зэрэгцээ, зохион байгуулагч орноос хоёр, өмнөх жилийн аварга тамирчин болон U-19-ийн аварга болсон ширээний теннисчин залууг урилгаар оролцуулсан байна. 48 шилдэг ширээний теннисчинг 16 хэсэгт хуваахдаа, нэг улсын тамирчид нэг хэсэгт орохыг хориглож, дэлхийн чансааны эхний дөрөвт бичигдэж буй тамирчид л  тухайн хэсгээ толгойлж, бусад нь  сугалааны зарчмаар  хуваарилагджээ. Хэсгээс зөвхөн нэг л тоглогч тэмцээнээ үргэлжлүүлэх зарчмыг мөрдлөө.  Нэг шинэ зүйл сэдсэн нь, хөлбөмбөгтэй адил тэнцэх хувилбарыг анх удаа нэвтрүүлэв. Хэсгийн тоглолтонд ердөө 4 өрөг тоглох шийдвэр гаргаснаар  олон теннисчид өөр хоорондоо тэнцэж, Германы тамирчин Дан Киу, Египетын тамирчин Ахмед Салах нар хэсэгтээ  2:2-оор анхлан тэнцэж, ширээний теннисний түүхийн хуудсанд тэмдэглэгдэн үлдлээ. 
-  Энэ системийг тоглолтонд нэвтрүүлснээр үзэгчдэд сонирхолтойгоос гадна,  өрсөлдөөнийг илүү хурцатгасан  гэж Олон Улсын Ширээний Теннисний Холбооноос  тайлбарласан.  Ингэснээр  хэсэгтээ таарсан  гурван тамирчин бие биенээ тойрч, оноо тэнцсэн учир , авсан, алдсан бөмбөгний зөрүүг тоолоход хүрчээ.  Тухайлбал  хоёрхон бөмбөгний илүүгээр  Япон улсын тамирчин Харимото Томоказу хэсгээ толгойлж хасагдах шатанд шалгарсан бол,  Швед улсын Трулс Морегард, Япон улсын Мима Ито нарын шилдэг тоглогчид бусадтайгаа  оноо тэнцсэн ч ,   хэсгээсээ шалгарч чадаагүй юм. Мэдээж, тоглолтын шинэ систем нь тамирчдын зүгээс шүүмжлэл дагуулсныг дурдахгүй өнгөрч болохгүй.
  Мөн анх удаа Дэлхийн цомын АШТ-ий шагналын сан  1 (нэг )  сая ам.доллар болж өслөө. 

Энэ удаагийн Дэлхийн цомын АШТ-ий эрэгтэй, эмэгтэй шигшээ наймд тус бүр  Хятад улсын  зургаан,  Япон улсын хоёр тамирчин шалгарсан амжилт үзүүлсэн.  Ширээний теннисний хөгжлийн  түүхэнд   Японы ах дүү Томоказу Харимото, Мива Харимото ( охин дүү)  нар анх удаа Дэлхийн цомын аваргаас хамтдаа   хүрэл медаль хүртэж , нэгэн өвөрмөц  рекордийн эзэд болцгоолоо. Гэхдээ тэдний аав, ээж нь ( Хятад үндэстэн )  Япон улсад цагаачилсан гэдгийг теннисний ертөнц мэднэ.


  Аваргын төлөө зөвхөн Хятадын тамирчид  тунаж, Монголчуудын хэлдгээр   ёстой л нэгийгээ үзэж, нэхий дээлээ тайлалцав. Оноо бүрийн төлөө  "алалцсан" нь цаагуураа Парис - 2024 зуны олимпийн ганцаарчилсан төрөлд оролцох эрхийн төлөө өрсөлдөөн өрнөлөө гэж хэлж болох.  Дэлхийн чансааны №1 асан, сүүлийн гурван Дэлхийн цомын аваргад  дараалан түрүүлсэн Фан Зэн Донг  шигшээ дөрөвд шалгарсан ч,  бэртэл нь гүйцэд эдгээгүйн улмаас  шигшээ  багийн хамтрагч Лин Гаоюанд 4:2-оор хожигдсон. Сүүлийн үед амжилт нь доошилсон Ма Лонг дэлхийн чансааг тэргүүлэгч Ван Чучин болон Лин Гаоюанд нарыг  финалд дараалан хожиж түрүүлэн,  " эргэж ирсэн" гэдгээ харуулсан. Яг түүнтэй ижил,  эмэгтэй финалын тоглолтонд  Ванг Манюд 3:1- ээр хожигдож явсан ч,  дараалан 3 хожсоноор  Сүн Инша түрүүлсэн.


-Түрүүлсэндээ сэтгэл өндөр байна. Ванг Маню бид хоёр бүх зүйлээ гаргалаа. Хэн нь ч хожсон бай, бид хоёр хоёулаа ялагчид гэж бодож байна. Тоглолтын эхэнд  би дутуу байсан ч, дөрөвдүгээр өргөөс нөхөж,  сүүлийн мөчид  хожлыг гартаа орууллаа.  Туйлын өрсөлдөөнтэй финал боллоо.  Энэ удаагийн алтан медаль бол миний хувьд ,  тамирчин хүний замналын ирээдүйн том үүд хаалгыг дэлгэж  өгсөн үнэ цэнтэй медаль боллоо гэж Сүн Инша тоглолтоо  үнэллээ.
Харин Сүн Иншад 3:1-ээс баригдаж хожигдсон Ванг Манюгийн хувьд Дэлхийн Цомын АШТ-д анх удаа оролцохдоо финалдсан амжилт үзүүлэв.
Тэрбээр  2021 оны Дэлхийн АШТ-д  Сүн Инша-г хожиж аварга болж байсан шилдэг теннисчин юм.
  Харин  Ма Лонг эрэгтэй финалд шигшээ багийн тамирчин  Лингаоюаныг  3:0-с барьж, дараалан 4 хожсоноор ялалт байгуулж, Дэлхийн Цомын АШТ-ний гурав дахь цомоо өргөлөө.  Тэрбээр нэг хэсэг финалдаж чадахгүй байсан ч, сүүлийн хоёр тэмцээнд финалдаж, сүүлийнхэнд нь ийнхүү түрүүлснээр бүх цаг үеийн шилдэг ширээний теннисчин  гэдгээ нотлон харуулав. Түүний амжилтаас дурдвал:
Дэлхийн цомын  гурван удаагийн аварга ( 2012, 2015, 2024),  Дэлхийн гурван удаагийн аварга ( 2015, 2017, 2019),  Олимпын хошой аварга(2016, 2020) юм. Түүнчлэн өндөр зэрэглэлийн ( Тив болон Азийн наадам зэрэг) бусад дэлхийн бүх тэмцээнд түрүүлсэн цор ганц тамирчин болов. Түүний  амжилтыг нь давтахад хамгийн ойр байгаа тамирчин бол  Фан Зеньдон. Токио- 2024 олимпод Ма Лонг - Фан Зэньдон нар финалдаж, Ма Лонгийн ялалтаар төгссөн. Тиймээс Ма Лонгийн адил  дэлхийн бүх төрлийн тэмцээнд түрүүлсэн  боловч,  Ма Лонгын амжилтыг давтахын тулд   дэлхийд нэг ,  олимпод хоёр удаа түрүүлэх шаардлагатай боллоо. Ингэж бодохоор маш өндөр амжилтын оргилыг Ма Лонг бий болгожээ.

 


-“Энэ удаагийн тэмцээнд  хагас финалд л үлдэх зорилгыг өмнөө тавьсан. Нэгэнт л зорилгодоо хүрсэн тул  хагас шигшээ  болон финалын тоглолтонд сэтгэл зүйн дарамтаас өөрийгээ бүрэн чөлөөлж, тайван  тоглосны үр дүнд  аваргаллаа. Түрүүлсэндээ  маш их баяртай байна” гэж тоглолтын төгсгөлд Ма Лонг теннис сонирхогчдод хандан үг хэлэхдээ онцоллоо.
Ма Лонгийн  Дэлхийн Цомын АШТ -д гаргасан амжилт нь Олимпийн нэг бүрчилсэн  төрөлд оролцоход тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь мэдээж. Гэвч Хятадын  эрэгтэй , эмэгтэй тамирчдын хэнийг нь Олимпийн гарцаарчилсан төрөлд оруулах бол гэдэг таавар хэвээр үлдлээ.   Ма Лонг энэ удаагийн цомын аваргад түрүүлснээр олимпод оролцох эрхийн маш том оноог өөртөө авч чадсан нь гэж бодно.  Гэвч түүнийг ганцаарчилсан төрөлд  оролцуулах эсэх нь мөн л эргэлзээтэй.    Эмэгтэй тамирчидын хувьд ч гэсэн ялгаагүй. Хятад улсын ширээний теннисчид  тэмцээн дууссаны дараа ярилцлага өгөхдөө: - " Сэтгэл зүйн  дарамт, хүнд тэмцээний уур амьсгалаас хэрхэн гарах бэлтгэлийг маш сайн хийсэн” гэж бүгд хэлж байна.  Магадгүй,  энэ жилийн дэлхийн аваргын үеэр  Хятад улсын эр , эм багууд алтан медалаа алдах дөхсөн, цаашид олимп дөхсөн учир бэлтгэлийг илүү өндөр түвшинд хийсэн гэдгээ тодотгон хэлж байгаа болов уу гэж тайллаа.
  Дэлхийн цомын түүхэнд Хятадын ширээний теннисчид ноёрхож ирсэн бөгөөд,  2016  онд Япон улсын ширээний теннисчин эмэгтэй  Миу Хирано түрүүлж байсан нь Хятадаас өөр улсын эмэгтэй тамирчин түрүүлсэн анхны  тохиолдол болж бичигдсэн. Гэхдээ тэр жилийн Дэлхийн Цомын АШТ-д Хятад улс тамирчдаа илгээгээгүйг дурдах ёстой. Харин эрэгтэйчүүдийн хувьд өрсөлдөөн их. Хятад улсын  бус тамирчид нийт 15 удаа цом өргөж байж. Түүнээс , хамгийн сүүлд буюу  2017 онд Герман улсын хоёр тамирчин финалдаж, Дмитрий Овчаров аваргалсан юм.

Э.ЛХАГВАСҮРЭН ( Токио хотоос мэдээллээ) 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?