МАРАФОНЧ Г.ХИШИГСАЙХАН

2024-05-30  

Хөнгөн атлетикийн марафон гүйлтийн тамирчин, Ази тивийн аварга, ОУХМ Галбадрахын Хишигсайхан “Токио-2024” марафон VIII байрт шалгарч, “Парис 2024” олимпын эрх өвөртлөөд байна.

Эх орныхоо амжилтыг эзэмшигч

“Парис-2024” олимпын наадам хаяанд ирлээ. Энэ удаагийн наадамд манай гурван марафонч оролцох эрхээ аваад байгаагийн нэг нь ОУХМ Г.Хишигсайхан юм. Тэрээр дэлхийн хамгийн алдартайд тооцогддог зургаан марафоны нэг буюу Токиогийн уралдаанд амжилттай оролцсон юм. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 3-нд болсон энэ уралдаанд  37 мянга гаруй оролцогч гүйсэн билээ. Үүнээс 150 нь өндөр зэрэглэлийн, дэлхийн шилдэг тамирчид байв. Тэд  “Парис 2024” олимпын наадмын эрэгтэй 10, эмэгтэй 10 эрхийн төлөө ур чадвараа сорьсон юм. Уг тэмцээнд Ази тивийн аварга, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн “Парис 2024” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй Монголын марафонч Г.Хишигсайхан 2:26:32 цагийн амжилтаар VIII байрт шалгарч, олимпод уралдах эрхээ баталгаажуулсан аж. Түүнчлэн манай тамирчин энэ удаагийн тэмцээнээр үндэснийхээ дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Г.Хишигсайханы хувьд олон улсын чанартай, өндөр зэрэглэлийн тэмцээнд байнга оролцдог. Түүний нэг нь БНХАУ-ын Чэнду хотод болсон “Chengdu Marathon” олон улсын эмэгтэйчүүдийн 42 км 195 метрийн бүтэн марафоны уралдаан байсан юм. Тус уралдаанд Г.Хишигсайхан 2:39:40 секундын амжилтаар тэргүүн байр эзэлсэн. Энэхүү марафоны тэмцээн олон улсын А, В зэрэглэлд багтдаг бөгөөд гадаадын олон шилдэг тамирчин урилгаар оролцдог юм байна. Ийнхүү түүний амжилтыг жагсаавал уртаас урт цуваа болох ажээ.

Азид түрүүлсэн анхны монгол эмэгтэй

Энэ оны нэгдүгээр сарын 21-ний өдөр БНХАУ-ын Хонгконг хотод  19 дэх удаагийн марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон билээ. Тус тэмцээний  эмэгтэйчүүдийн ангилалд манай улсын тамирчин Г.Хишигсайхан 2:33:50 секундийн амжилтаар тэргүүлж, Ази тивийн аварга болсон. Тодруулбал, “Standart Chartered Honkong Marathon” уламжлалт марафон нь Азийн марафон гүйлтийн 19 дэх удаагийн тэмцээнтэй цугтаа явагдсан. Азийн тамирчдын үзүүлэлтээр тивийн аваргын медальтнууд тодорч Г.Хишигсайхан алтан медаль хүртсэн нь энэ амжилтад хүрсэн Монголын анхны эмэгтэй марафонч хэмээх эрхэм алдрыг түүнд өгсөн юм.  Өмнө нь энэ тэмцээнд манай улсаас 2008 онд гавьяат тамирчин Б.Сэр-Од мөнгө, 2013 онд алтан медаль, 2015 онд Ж.Олонбаяр, 2017 онд Ц.Бямбажав нар хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Г.Хишигсайхан өмнө нь “KIX senshu”, “Ningbo marathon”, “Сансар марафон-2023”, “Улаанбаатар-2023” гэсэн олон улсын болон дотоодын марафонд удаа дараа түрүүлж, амжилт нь ахисаар яваа энэ цагийн шилдэг тамирчдын нэг юм. Түүнчлэн Катарт зохион байгуулсан насанд хүрэгчдийн “Доха-2019” хөнгөн атлетикийн ДАШТ-д 25 дугаар байр эзэлж байв. Тухайн үед Г.Хишигсайхан 41 орны 71 тамирчинтай өрсөлдөхдөө 42 км замыг 2:56:15 секундэд туулсан байдаг. Тус тэмцээн түүхэнд байгаагүй халуун бүгчим, цаг агаарын хүндхэн нөхцөлд болсон. Гурван цагаас богино хугацаанд замаа дуусгаж,  барианд орсон 32 тамирчны нэг нь Монголын марафонч Г.Хишигсайхан байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?