ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.ЦЭНДБААТАР ОЛИМПИЙН ЭРХ АВЧ ЧАДСАНГҮЙ

2024-05-30  

Олимпын эрхийн тэмцээн Тайландын Бангкок хотод үргэлжилж байна. Манай тамирчдаас хоёр боксчин өчигдөр тулаанаа хийлээ.

Эхлээд +92 кг-ын жинд Х.Бекнур анхны тулаанаа хийсэн бөгөөд Доминиканы боксчныг хоёрдугаар үед торгуулиар ялснаар шөвгийн 16-д шалгарлаа. Эхний үед манай тамирчин илт давуу байсан бөгөөд бүх шүүгч 10:8-аар Монголын талд өгсөн юм. Харин хоёрдугаар үед Доминиканы боксчин олон алдаа гаргасан тул торгуулиар хөөгдөв.

Манай хамгийн гол найдвар болж байсан гавьяат тамирчин Э.Цэндбаатар Болгарын боксчин Росенов Радославт 5:0-ээр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Эхний үед шүүгчид 4:1-ээр Болгарын талд ялалт өгсөн бол үлдсэн хоёр үед бүх шүүгч санал нэгтэйгээр Болгарын залуу тамирчид ялалт өгчээ. Ингэснээр Э.Цэндбаатарын Олимпод оролцох мөрөөдөл, хүсэл зорилго энэ хүрээнд өндөрлөж байна. Тэрбээр Олимпын эрхээ авч, Парисаас медаль хүртэхийн төлөө бүх чадлаа дайчлахаа ярьж байсан юм. Ингэснээр зургаан боксчин тэмцээнээ дуусгалаа.

Өнөөдөр манайхаас гурван боксчин рингэнд гарах бөгөөд 51 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ Кирибате улсын боксчинтой, 57 кг-д Х.Энх-Амар Германтай, 80 кг-д Г.Далай Ирантай тус тус ээлжит тулаанаа хийнэ.

Ташрамд сонирхуулахад, Олон улсын боксын холбооноос “Парис 2024” наадмын алт, мөнгө, хүрэл медальтнуудад мөнгөн шагнал олгохоор болжээ. Энэ нь спортын түүхэнд байгаагүй юм. Парисын олимпод түрүүлсэн тамирчин 100 мянган ам.долларын шагнал авна. Үүнээс тамирчин 50 мянга, үндэсний холбоо нь 25 мянга, дасгалжуулагч нь 25 мянган ам.доллар хүртэх юм. Тэгвэл мөнгөн медалийг 50, хүрлийг 25 мянган ам.доллароор байлах аж. Түүнчлэн тавдугаар байр эзэлсэн тамирчдад 10 мянган ам.доллар өгөхөөр болсон байна. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?