Ням гарагт Парисын Олимпын туялзуур сэлэмний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Японы тамирчин Коки Кано алтан медаль хүртлээ. Тэрбээр финалын шатанд Францын тамирчин Янник Борелийг 15:9-өөр илүүрхжээ.
2021 оны Токиогийн Олимпын туялзуур сэлэмний багийн төрөлд түрүүлж байсан 26 настай К.Кано “Grand Palais” ордонд болсон тоглолтод ялснаар Олимпын хоёр дахь алтан медалиа зүүлээ. Түүнчлэн тэрбээр Олимпын наадмын туялзуур сэлэмний ганцаарчилсан төрөлд түрүүлсэн Японы анхны тамирчин болж байна.
“Би Парисын Олимпод оролцож, ганцаарчилсан төрөлд алтан медаль авахыг хүсэж байсан, түүндээ хүрч чадлаа. Энэ төрөлд алтан медаль хүртсэндээ маш их баяртай байна” гэж К.Кано сэтгэгдлээ хуваалцжээ. Харин Египетийн тамирчин Мохамед Элсайед хагас шигшээд Унгарын Тибор Андрасфиг ялснаар хүрэл медаль хүртсэн байна.
Я.Борелийн хувьд, медаль авсандаа баяртай байгаа боловч хожигдох үнэхээр харамсалтай байлаа гэв. “Би Каног маш сайн мэднэ. Бид өмнө нь багийн болон ганцаарчилсан төрөлд учраа таарч байсан. Тиймээс хэрхэн ялах талаар бодож байсан зүйлс байсан боловч сайн болж өгсөнгүй. Миний хувьд алт авахыг үнэхээр хүсэж байсан боловч тэр маш сайн байлаа” хэмээн ярилаа.
К.Кано ялалт байгуулсныхаа дараа төрийн далбаагаа мандуулжээ. Ингэснээр Японы баг тамирчид ням гарагт гурван алт, нийтдээ дөрвөн алтан медалийг эх орондоо авчраад байна. К.Кано одоо баасан гарагт нутаг нэгт тамирчид болох Казүясү Минобэ, Масарү Ямада, Акира Комата нарын хамт багийн төрөлд аваргын цолын хамгаалахын төлөө тоглоно.
Эх сурвалж: ПАРИС, 2024 оны долоодугаар сарын 29 /Kyodo/