Ямайкийн тамирчин Роже Стона лхагва гарагт 70.00 м-ийн зайд зээрэнцэг шидсэнээр Олимпын дээд амжилтыг эвдэж, алтан медалийн болзол хангалаа.
Харин дэлхийн дээд амжилтын эзэн, Литвийн тамирчин Миколас Алекна 69.97 м-ийн амжилтаар мөнгөн медаль, Австралийн Мэттью Денни хүрэл медаль /69.31 метр/ тус тус хүртсэн байна. М.Денни өмнө нь Олимп, ДАШТ-ий дөрөвдүгээр байрт шалгарч байжээ.
М.Алекна хоёр дахь оролдлогынхоо үеэр хувийн дээд амжилтаа шинэчилж, Олимпын рекордыг эвдсэн байна. Гэвч 2000, 2004 оны Олимпын зээрэнцэг шидэлтийн төрөлд аваргалж байсан эцэг Виргилиюсийнхээ амжилтыг давтах төлөвлөгөөг нь Ямайкийн тамирчин талаар болгожээ.
Р.Стона дөрөв дэх оролдлогынхоо үеэр 70 м-ийн дээд амжилтыг тогтоосон байна. Түүнийг өнгөрсөн бямба гарагт Олимпын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд гурав дахь удаагаа дараалан алтан медаль хүртсэн Америкийн тамирчин Райан Кроузер дасгалжуулжээ. Р.Стона өнгөрсөн жил Будапештэд болсон ДАШТ-д 19 дүгээр байр эзэлж байв.
“Маш онцгой үдэш болж байна. Хүсэж мөрөөдөж байсан зүйлдээ хүрч чадсандаа маш их баяртай байна. Би хэдийнээ шилдэг наймд шалгарсан байсан болохоор алдах зүйл надад байгаагүй. Өөрийнхөө хийж чадна гэж бодож байгаагүй зарим зүйлээ хүртэл хийж чадлаа” хэмээн Ямайкийн 25 настай тамирчин сэтгэгдлээ хуваалцжээ.
Эх сурвалж: ПАРИС, 2024 оны наймдугаар сарын 8 /AFP/