Боксын олимпийн эрх олгох “Баку-2016” олон улсын тэмцээн Азербайжан улсад энэ сарын 16-25-нд боллоо. "Рио-2016"-гийн эрх олгох хамгийн сүүлчийн тус тэмцээн 49 кг-д хоёр, -91, +91 кг-д тус бүр нэг, 52 кг-аас 81 кг-д тус бүр тав, олимпийн нийт 39 эрх олгосон юм. Манайхаас эрэгтэйчүүдийн 52, 56, 75, 81 кг-ын жинд ОУХМ Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Н.Шинэбаяр, С.Эрдэнэбаяр нар өрсөлдсөнөөс ОУХМ Э.Цэндбаатар мөнгөн медаль, Риогийн олимпд оролцох эрхээ хүртсэн бол 52 кг-д ОУХМ Х.Энх-Амар хүрэл медаль, олимпд оролцох эрхтэй ганзага дүүрэн ирлээ. Ийнхүү манай боксчид түүхэн амжилт гаргаж, олимпд анх удаа 6 тамирчин оролцохоор боллоо.
А.САЯН