Бразил улсын Рио-де-Жанейро хотын “Olympic Training Center–Hall 3” спортын ордонд өнөөдөр Зуны олимпийн эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ. Эхний өдөр 48, 58, 69 кг-ын жингийн бөхчүүд олимпийн 3 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тэдний дунд 58 кг П.Орхон, 69 кг О.Насанбурмаа нар багтаж байна.
58 кг-ын жинд 20 бөх зодоглож байгаагаас “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 12 бөх сугалаагаар таарчээ. Олон улсын хэмжээний мастер П.Орхон “Б” хэсэгт орж нэгдүгээр тойрогт Болгарын бөх, европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл медальт Мими Николова Христоватай учраа таарчээ.
Харин 69 кг-ын жинд 18 бөх зодоглож байгаагаас “А” хэсэгт 8 бөх, “Б”хэсэгт 10 бөх сугалаагаар таарч, гавьяат тамирчин О.Насанбурмаа “А” хэсэгт нэгдүгээр тойрогт тайваны бөх Чен Вэн Лингтэй барилдана.
Монголын цагаар 22:00 – 01:00 хүртэл урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд болох бөгөөд 04:00 – 07:00 цагт дагах болон медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол болох юм.
А.САЯН