Монголын Чөлөөт Бөхийн Холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж өөрийн твиттер хуудаснаа Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо буюу United World Wrestling-ээс манай тамирчдын тэмцээнд оролцох эрхийг хязгааргүй хугацаагаар хассан байж магадгүй тухай жиргэжээ. Гэхдээ UWW буюу Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ талаар албан ёсны мэдэгдэл ирээгүй байгаа юм.
Зуны XXXI олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнарангийн барилдаан маргаантай болсон. Тэрээр хүрэл медалийн төлөө Узбекстаны Наврузовтай барилдаж, оноогоор тэргүүлж явсан ч цаг дуусах мөчид торгуулж ялагдсан. Монголын Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, туслах дасгалжуулагч Ц.Цогтбаяр нар шүүгчдийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн хувцсаа тайлж, эсэргүүцэл үзүүлсэн.
А.САЯН