МЧБХ-ны зааварчилгыг сонсолгүй, тус холбооны дасгалжуулагч Ц.Хосбаяр гурван тамирчнаа дагуулан Парисыг зорьсон тухай Control.mn өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл, Францын Чөлөөт Бөхийн Холбооноос Монголын бөхчүүдийг тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Дэлхийн Нэгдсэн Бөхийн Холбооноос Монголын бөхчүүдийг залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахаас түдгэлзүүлсэн шийдвэр ирсэн гэж үндэслэлээ дурдсан байна. Ийнхүү Дэлхийн Нэгдсэн Бөхийн Холбооны шийтгэл энэ сарын сүүлээс эхлэн үйлчилж эхэлжээ. Энэ шийтгэл хаа хүрч дуусахыг хэн ч хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн 2 жил хүртэл хугацаагаар шийтгэл нь үргэлжлэх заалт бий гэдгийг бөхийн судлаачид тодотгож байна. Монголчууд эсэргүүцэх тусам шийдвэр хатуу гарах, уучлал гуйж буруугаа хүлээсэн тохиолдолд, шийдвэр зөөлрөх магадлалтай гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Одоогоор МЧБХ 2 дасгалжуулагчийнхаа эрхийг 2 жилийн хугацаагаар хассан шийдвэр гаргасан. Ард түмнээсээ уучлал гуйсан. Удахгүй Олимпийн үр дүнгийн хурал хийнэ гэдэг мэдээлэл байна.
Ц.ХИШГЭЭ