Олимпод амжилт үзүүлсэн тамирчдаа эх оронд нь гайхалтай хүлээн авсан. Олимпийн аварга болсон жудочин Мажлинда Кельмэндиг Косовогийн ерөнхий сайд нь өөрийн биеэр онгоцны буудалд тоссон.
Хятадын дарга Си Жин Пин төрийн ордондоо нийт тамирчдаа хүлээн авсан. Оросууд Улаан талбайдаа тамирчдаа угтаж, медальтангуудаа будаг нь ханхалсан BMW авто хөлгөөр дайлсан. Дээр нь мөнгөн шагналын урамшуулалтай. Регбигийн аваргуудаа хүлээн авсан өдрөө Фижи улс үндэсний баярын өдөр болгон зарласан. Ингэж бүх нийтийн баяр болгосон. Яг л 2008 оны Бээжингийн олимпийн аваргуудаа Монголчууд угтсан шиг. Тэгвэл энэ удаа олимпод оррлцсон тамирчдаа Монголчууд ёс төдийхэн угтав.
Албан ёсны мөнгөн шагналыг нь гардуулсхийгээд, цол тэмдгийг нь ахиулсхийгээд, ганц нэг өрөө байраа байлсан болоод нам болов. Шууд дамжуулсан телевиз ч чимээгүй болжээ. Өмнөхтэй адил, эфиртээ уриад, нэвтрүүлэг хийдэг байсан уламжлалаа ч орхижээ. Их амжилт хүлээсэн болоод ч тэр үү, зарим нь шийтгэл дагуулж ирсэн болоод тэр үү, нэг л аядуу.
Харин Монголдоо байсан бол бэлтгэл хангагчаар л Риог зорих байсан Отгонцэцэг, Казахстаны өмнөөс зодоглож, тус улсын далбааг олимпийн тэнгэрт мандууллаа. Тэр охиныг Казахстанд хайрлаж, хүндэлж байна. Түүнд Казахстан улсаас 75,000 ам.долларын урамшуулал олгосон бол, түүний амьдарч буй хотын дарга Отгонцэцэгийн амжилтыг мялааж Ланд-200 автомашин болон иж бүрэн тохижуулсан нэг өрөө байраар урамшууллаа. Нэг жил шатахуунаар үнэгүй үйлчлэхээ бас мэдэгдлээ. Отгонцэцэг, 2020 оны Токиогийн олимпийн бэлтгэлдээ гарчээ. Тэр амжилтаа урагшлуулж, нутаг нэгтнээ болон, Казахын ард түмнийг баярлуулахыг зорьж байна гэж хэлсэн байна.
С.АМАРАА