МАНДАХНАРАНГИЙН БАЯРЫН НУЛИМС, ГУНИГИЙН НУЛИМСААР СОЛИГДСОН

2016-10-06  

Дэлхийн аваргад учраа бүрийгээ ялсан хэрнээ шагналт 6-р байранд орсон гавьяат тамирчин Ч.Сэрээтэр, нэг ч ялагдаагүй хэрнээ 3-р байрт орсон Ж.Мөнхбат нар чөлөөт бөхийн холбооны тухайн үед мөрдөж байсан дүрмийг өөрчлөхөд нөлөөлсөн бөхчүүд. Дэлхийн чөлөөт бөхийн хөгжлийн түүхэнд тэдний оруулсан гавьяаг түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тэгвэл, бас нэгэн үнэтэй сургамжийг монголын чөлөөт бөхийнхэн Рио-2016 зуны олимпоор үлдээсэн. Тэр бол гарцаагүй зүүх байсан олимпийн хүрэл медалиа сүүлийн 4-хэн секундэд өрсөлдөгчдөө бэлэглэсэн Г.Мандахнарангийн үйлдэл боллоо. Тэр сүүлийн 30 секундэд барилдахаас татгалзаж, илэрхий зугтааснаас гадна, сүүлийн 4 секунд бүр хоёр гараа өргөн баяраа тэмдэглэн дэвжээ тойрч гүйснийг дэлхийн олон телевиз дахин дахин үзүүлсэн. Техникийн зөвлөгөөнд сануулсны дагуу, сүүлийн секундэд ч зугтаасан тохиолдолд торгуулийн оноо оногдуулна гэсэн зааврын дагуу Узбекийн тамирчинд нэг оноо нэмснээр, Мандахнарангийн баярын нулимс, гунигийн нулимсаар солигдсон.

Энэ бол дэлхийн чөлөөт бөхийн түүхэн дэх "сургамжит төгсгөл" гэдэг бүлгийн шинэ сэргэг жишээгээр дурдагдах болов. Дээр нь, монголын дасгалжуулагч багш нарын олимпийн дэвжээн дээр гаргасан үйлдлийг "Хамгийн эмоцитой эсэргүүцэл" гэж соёлтойгоор тэмдэглэх болсон байна. Энэ соёлтой эсэргүүцэлд нь Дэлхийн Чөлөөт Бөхийн Холбооноос торгууль оногдуулснаа Монголын Чөлөөт Бөхийн Холбоонд ирүүлжээ. Энэ бол дасгалжуулагчаа удирдаж, тэдний танхайрлыг тасалдуулан зогсоох оролдлого хийгээгүйн төлөө тус холбоонд оногдуулсан 50'000 швейцарь франк юм. Үүнийг 3 сарын дотор төлөхийг анхааруулсан байна. Одоогоор МЧБХ-нд энэ мөнгө байхгүй, хэн хэрхэн төлөхөө мэдэхгүй байна гэж эх сурвалж мэдээлж байна. Ямар ч гэсэн МЧБХ ч Их Хурлаа удахгүй хийж, шинэ удирдлагаа сонгох юм байна.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?