МҮСБХ-НЫ 21 АЙМГИЙН “ҮНДЭСНИЙ ЛИГ”-ИЙН ТЭМЦЭЭНИЙ УЛИРЛЫН ТОГЛОЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2016-11-15  

ОУХМ Д.Мөнхтүвшин, Ц.Азбаяр нараар ахлуулсан Ховд аймгийн “Алтайн аргаль” баг улирлын хоёр дахь тоглолтоо ОУХМ Д.Дэлгэрнямаар удирдуулсан Төв аймгийн “Төв Ургац”-тай хийв. Ховд нутгийг төлөөлөн УИХ-ын Пүрэвдорж, улсын харцага Н.Батзаяа, Төв аймгаас ДАШТ-ий хоёр хүрэл медальт Г.Мандахнаран, СТА Ганбаатар нар сагсан бөмбөгийн талбайд өрсөлдөж буй.

Тоглолтын эхнээс Ховд аймгийн баг тэргүүлсэн бөгөөд Ц.Азбаяр нэгдүгээр үе тун сайн тоглолт үзүүллээ. Гэхдээ үеийн төгсгөлд Төв аймгийн Д.Мөнхтөр, Ц.Ганболд нар багтаа бага зэрэг тэргүүлэл авчирсан юм. Улмаар хоёрдугаар үед Д.Дэлгэрням сайн тоглолтоо гаргаж, “Төв Ургац” давамгайллаа улам баталгаажуулав. Гэвч Спрайт супер лигийн шилдэг тоглогч Болдбаатар хоёр дараалан алсын зайн шидэлтээ амжилттай болгон багийнхаа тоглолтыг сэргээлээ. Нэгэнт сэргэлт авсан “Ховд Алтан аргаль” багийн залуус хоромхон зуурт онооны зөрүүг арилгаж чадсан юм. Улмаар эхний хагас 50:50-аар тэнцэж өндөрлөв. Гуравдугаар үед “Ховд Алтан аргаль” багийн Болдбаатар шилдэг тоглолтоо үргэлжүүлж, багтаа тэргүүлэл авчирсан. Тоглолтын төгсгөл хүртэл Ховдчууд давамгайллаа хадгалан өрсөлдөгчөө 104:94-өөр буулган авлаа. Тус тоглолтод Болдбаатар 36 онооо авч, 21 аймгийн Үндэсний лигийн нэг тоглолтод авсан онооны дээд амжилтыг шинэчлэв. Мөн Ц.Азбаяр 19, Д.Мөнхтүвшин 18 оноо авчээ. Харин Төв аймгийн багаас Д.Дэлгэрням 22 оноо, 16 самбар, Д.Мөнхтөр 20 оноо, Ц.Ганболд 19 оноо авсан ч бусад нь хангалтгүй байлаа. Ийнхүү Ховд 1-1 гэсэн амжилттай болов.

Лигийн хүчирхэг багуудын нэг Сүхбаатар аймгийн “Сүхбаатар Альянс Тех” энэ удаа Завхан аймгийн багтай учраа таарав. Тус тоглолтод Сүхбаатар аймгийн гол тоглогч Э.Дөлгөөн оролцсонгүй. Багийн лидергүй Сүхбаатар тоглолтын эхнээс залуучуудаа түлхүү ашигласан юм. Эхний үе тэнцүүхэн өрнөсөн бөгөөд хоёрдугаар үед Сүхбаатар сайн тоглолтоо гаргасан ч онооны тэргүүллийг авч чадахгүй байлаа. Гуравдугаар үед хоёр баг олон удаа тэргүүллээ сольсон юм. Шийдвэрлэх үед Завхан аймгаас А.Гансүх, Ч.Хүрэлбаатар нар шидэлтээ найдвартай хийж, баг нь таван оноогоор илүү гарав. Сүхбаатар минутын амралт авч, хувилбартай довтолгоо хийсэн ч тэд цаг тун бага үлдсэн байлаа. Ийнхүү Завхан хүчирхэг багийг 94:88-аар буулган авч, анхны хожлоо байгуулав. Харин хоёр хожилтой явсан Сүхбаатар эхний ялагдлаа амслаа. Сүхбаатарын багийн өөр нэг шилдэг тоглогч Б.Батзолбоо энэ тоглолт тун цөөхөн минут тоглосныг онцлох нь зүйтэй. Тус тоглолтод Завхан аймгаас Э.Дөлгөөн 19, А.Гансүх, О.Отгонтөгс 14, Ч.Хүрэлбаатар 13 оноо тус тус авчээ. Харин Сүхбаатараас Сүхбат 15, Дамдинсүрэн 14 оноо, 10 самбар авсан байна.

ОУХМ Г.Баттөр, Э.Цэвэлдорж нарын тэргүүтэй спортын мастер О.Энхбаатар, Э.Дорж-Арилд нараар хүчээ зузаатгасан Архангай аймгийн “Алтан Дорнодын дайчид” баг Дундговь аймгийн багтай оноолт таарчээ. Тоглолтын нэгдүгээр үед ОУХМ Г.Баттөр, Э.Цэвэлдорж нар сайн тоглолтоо үзүүлэн архангайчууд олон онооны тэргүүллийг авав. Улмаар энэ давамгайллаа тэд хадгалсаар эхний хагас өндөрлөв. Хоёрдугаар дуусахад тус тоглолтын ялагч тодорхой болчихсон байсан гэхэд хилсдэхгүй. Улмаар тоглолтын эцсийн үр дүн нэгэнт тодорхой болсон тул дөрөвдүгээр үеийн дундаас эхлэн багууд урлаг спортын алдартнуудаа талбайд гаргасан юм. Архангай аймгаас улсын арслан Р.Пүрэвдагва, начин Б.Амарзая, СТА Э.Цолмонбаяр нар муугүй сагсан бөмбөгч гэдгээ харуулан шидэлтээ “чулуу” болгож байв. Тэгвэл Дундговь аймгийн урлагийн алдартан “Авьяаслаг Монголчууд” шоуны  хөтлөгч Ууганбаяр мөн сагсан бөмбөг шаггүй тоглон гэдгээ үзүүлж, 6 оноо авлаа. Тус тоглолтод Архангайгаас Г.Баттөр 22 оноо, 7 оновчтой дамжуулалт, О.Энхбаатар 19 оноо, Э.Цэвэлдорж 16 оноо авав. Харин Дундговь аймгийн багаас Анар 19, Билэгт 12 оноо авсан байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?