ЦУСНЫ ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ ЭМИЙН ЗАРДЛЫГ ТӨР ХАРИУЦДАГ БОЛЛОО

2016-12-05  

Засгийн газрын 100 хоног болсон. Control.mn мэргэжлийн тодотголтой Засгийн газрын Эрүүл мэндийн Яамны энэ нэг зуун хоногт хийж гүйцэтгэсэн, хийхээр төлөвлөж буй ажил үйлийг сурвалжиллаа.

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмээгүй ч, бас хасаагүй. Өнгөрсөн оны төсөв 672 тэрбум төгрөг байсныг бага зэрэг бууруулж, 645,7 тэрбумаар оруулсныг УИХ баталсан. Хөнжлийнхөө хэрээр хөнжлөө жийх шаардлагатай тул хэмнэлтийн горим гаргасан. Тиймээс Эрүүл мэндийн салбар аль болох бага өртөг зардлаар найдвартай тусламж үйлчилгээг үзүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна гэдгийг мэдэрлээ. Тэд ажлаа хийхийн тулд бүртгэлээ сайн хийж байгаа нь ч анзаарагдав. Судалгаагаар, улсын хэмжээгээр, нийт сумын эрүүл мэндийн байгууллагын 80 хувь нь ашиглалтын зардлаа бууруулсан. Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн хугацаа нь дуусаж буй сул талтай ч, өөрийн гэсэн орон байртай, давуу талтай гэдгийг яамны удирдлагууд тодотголоо.

Нийт 47500 эмнэлгийн ажилтан ажилладаг юм байна. Төсөвлөсөн орон тооноос 1098 хүнээр хэтэрсэн. Төсөв нь бага, ажиллах хүн нь их ийм харьцаа гарсан байна. Энэ бол бага өртгөөр, маш өндөр хариуцлага бүхий хүнд ажлыг эрүүл мэндийн салбарынхан хийж байна гэсэн үг. Хэмнэлтийн горимд шилжих бодлогыг ЭМЯ нэвтрүүлж эхэлснээр 20 тэрбум төгрөгийн өрийг нэг тэрбум хүртэл багасгаж чаджээ. Цаашид, тэглэхийг зорьж байгаа юм билээ. Хөрөнгө мөнгөний урсгалыг хянаж, зөв, хэрэгтэй зүйлд нь зарцуулахыг зорьж буй нь харагдав. Энэ зорилгын үүднээс, тусгай ажлын баг томилж, сумын эрүүл мэндийн нэгдлийн төвийн санхүүг шалгаж нягтлах ажлыг хийхээр төлөвлөж байна. Зарим газар зарцуулаагүй үлдсэн төсвийн үлдэгдэл байгааг ч тодотгожээ.

Тухайлбал, З-р эмнэлэг 620 сая төгрөгийн илүүдэлтэй байв. Тэд Даатгалын сангаас мөнгө авч чадаагүйгээс эмийн өрөнд орсон. Энэ бол нэг л жишээ. Сул талаа олж тогтоосон байна. Санхүүгийн асуудлыг цэгцлэхтэй хамт, эмнэлгийн удирдлагуудын төсөвтөө нийцүүлж, тааруулж ажиллаж чадахгүй хариуцлагын асуудлыг ч давхар шийдвэрлэх боломжтойг ч олж харсан байна. Иргэд рүүгээ хандсан чухал чухал арга хэмжээ авч болохыг үлгэрлэж, иргэдийн талархлыг хүлээжээ.

Монгол Улсын хэмжээнд 565 хүн бөөрний дутагдалтай. Гэтэл улсын хэмжээнд гемодализын 116 аппараттай. Бөөрний дутагдалтай хүмүүс долоо хоногт заавал гурван удаа аппаратад орох шаардлагатай. Тэгэж чадахгүй бол амьд явах өдөр нь цөөрнө. Хувийн эмнэлэгт нэг удаа эмчилгээнд ороход 170-200 мянган төгрөг төлдөг. Сард хоёр сая төгрөгийн тусламж үйлчилгээ авдаг гэсэн үг. Ийм байдлаар эдийн засгийн дарамтад орж байсан иргэдийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж чаджээ. Ард иргэдийн сэтгэлийн зовлонг нимгэлж, нуруун дээрээс нь хүнд ачааг авч хаясан байна.

Нэг хүнд ногдох зардлыг төсөвт суулгажээ. Судалгаагаар, залуучууд голдуу цусны хорт хавдартай байгаа юм байна. Тэд насан туршдаа цусны хорт хавдрын эсрэг эм уух шаардлагатай болдог. Гэтэл тухайн эм нь 200-250 мянган төгрөгийн үнэтэй. Цусны хорт хавдрын эсрэг эмийн үнийг төрөөс хариуцдаг болсон.

Энэ бол Мэргэжлийн Засгийн газрын үед авч хэрэгжүүлж байгаа хамгийн том алхмын нэг гэж үзэж болох нь. Нийслэлийн иргэдээс гадна, орон нутгийн иргэдэд тулгамдаж байгаа эрүүл мэндийн үйлчилгээний бас нэг асуудал бол эрүүл мэндийн онош тогтоох асуудал байх юм. Үүнийг сорьц тээвэрлэлтийн аргаар шийдвэрлэжээ. Тээвэрлэлтийн асуудлыг ч тээврийн яамтай гэрээ байгуулсны үндсэн дээр шийдэж чаджээ. Үүний хэрэгжилтэд ЭМЯ хяналт тавьж ажиллаж байна. Хийх, нэхэгдэж буй хуулийн тухайд, донорын тухайд, амьд донорын эрх ашгийг хамгаалж хуульд шинэчилсэн найруулга оруулж батлуулах хэрэгтэйг онцоллоо.

Түүнчлэн Нялх балчир насны хүүхдийн хоол ундны бүтээгдэхүүний тухай хуулийг шинэчлэн оруулж байгаа нь ч ирээдүйг харжээ. Эхийн сүүг орлох бүтээгдэхүүний талаар тусгасан хуулийг шинэчлэн найруулжээ. Хүүхдээ хөхний сүүгээрээ хооллодог ээжүүдийн тоо жилээс жилд багасч, өнөөдрийн байдлаар 42 хувьд хүрсэн гунигтай тоог өөрчлөхийг зорьж байгаа юм байна. Хөхний сүүгээрээ хооллоогүй хүүхдүүдийн олонх нь өнгөрсөн жил улаанбурхан өвчнөөр өвдөж, амь насанд нь эрсдэл учирсан. Энэ бол баримт. Анхаарах ёстой дохио. Тиймээс энэ хуулийг гаргахаар яаравчилж байна. Эх хүүхдийн эндэгдэлд тоймтой арга хэмжээ авах чиглэлд ЭМЯ-ны сайд тушаал гаргажээ. Хамгийн олон эх хүүхдийн эндэгдэлтэй байгаа есөн аймаг, зургаан дүүрэгт сургалт зохион байгуулсан.

Түүний зэрэгцээ, архи уугаад гудамжинд унасан хүмүүсийг эмнэлгийн хүлээн авахад хүргэж өгснөөр энгийн үйлчлүүлэгчдийн эрх зөрчиж, ачаалал үүсгэж байгааг ч өөрчлөх ёстой гэсэн байр суурийг баримталж эхэлжээ. Тиймээс энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д оруулахаар болсон гэнэ.

Өнөөдрийн байдлаар Батлан хамгаалах яам хоёр нисдэг тэрэгтэй. Хоёулаа засвартай байгаа. Түүнийг ирэхээр зудтай аймгуудад яаралтай түргэн тусламж үзүүлэх боломжоор хангахаар гэрээ байгуулахаар ярьж байна. Ингэж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлж байна.

Салбараа дагуулан хөдөлж байна. Ажиллая гэвэл, нэг 100 хоногт ч чамлахааргүй ажил хийж болохыг Эрүүл мэндийн Салбарынхан харууллаа.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?