Их аварга Д.Дагвадорж ард түмнээсээ уучлал гуйгаад, холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа татгалзсан. Одоо харин түүний орыг хэн эзлэх вэ? гэдэг асуудал чөлөөтийнхний дунд өрнөсөн хэвээр. Дасгалжуулагч болон, холбооны удирдлага хоорондын хурц зөрчил намжсан байна. Ерөнхийлөгч болон ерөнхий нарийн бичгийн дарга нар нь үүрэгт ажлаасаа сайн дураараа татгалзсан нь ийнхүү дотоодын уур амьсгал зөөлрөхөд нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Олимпийн үеэр үүссэн асуудлаас улбаалж, Дэлхийн Нэгдсэн Бөхийн Холбооноос МЧБХ-г 50000 швейцарь франкаар ( 120 сая төгрөг) торгосныг энэ сард төлөх ёстой. Нэгэнт МЧБХ-ны бүхий л зардлыг хувиасаа гаргаж ирсэн их аварга Д.Дагвадорж холбоогоо орхисон тул, тус холбооны тэргүүлэгч гишүүд энэ төлбөрийг хувааж төлөхөөр өөр хоорондоо тогтсон байна. Дунджаар нэг тэргүүлэгч гишүүн 15 сая төг гаргахаар тохиролцсон байна.
Дагвадоржийн хувьд, МЧБХ-г удирдаж байхдаа, улсын төсөв дээр нэмж, хувиасаа жил бүр 400-500 сая төгрөгийн санхүүжилтийг хийж ирсэн гэх урьдчилсан дүн гарчээ. Тэрбээр зөвхөн, 2016 онд гэхэд холбооны зардалд нийтдээ 500'000 төгрөг гаргасан байна. Тэгэхээр тус холбоог удирдах хүн бол, дор хаяж жилдээ тэр хэмжээний мөнгө санхүүжилтийг хийж чадах, эс бөгөөс босгож чадах хүн байж таарах нь ээ. Яг одоо ийм хүний тоонд, аварга Д.Сумьяабазар, А.Сүхбат, Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат нар орж байна.
Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ