Энэ удаа манай сайт та бүхэнд ирээдүйд монгол бөхийн өнгө тодорхойлох шилдэг залуу хүчтэнүүдийг танилцуулж байна. Эдгээр залуус өнөөдөр аймгийн цолтой барилдаж байгаа ч удахгүй улсын наадмын дэвжээнд эр бяр, уран барилдаанаар бөх сонирхогчдыг баярлуулах нь биз ээ.
1. Аймгийн заан Булган-Эрдэний Түмэндэмбэрэл
Булган аймгийн Орхон сумын харьяат “Булган хангайн хүчтэн” дэвжээний бөх Даншгийн заан, аймгийн заан Б.Түмэндэмбэрэл 1992 онд төржээ. Тэрээр аймгийн хурц арслан Б.Одонгаравын удмыг залган барилдаж буй залуу хүчтэн юм. Б.Түмэндэмбэрэл 2011 оны үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанаас хүрэл медаль хүртэж амжилтын гараагаа эхэлсэн бөгөөд 2012 онд Орхон сумынхаа наадамд түрүүлж сумын заан цол хүртэж байжээ. 2015 оны Булган аймгийн баяр наадамд сумын заан цолтой зодоглож аймгийн хурц арслан Ө.Сүхбаттай үлдэж үзүүрлэж аймгийн болсон юм. Өнгөрсөн жилийн улсын наадамд анх удаа зодоглож Говь-Алтай аймгийн арслан Б.Хишигбаатараар 3 даваад 4 ийн оноолтонд улсын арслан Х.Мөнхбаатартай таарч тахим өгчээ. Дараахан нь болсон “Хүрээ цам” даншиг наадамд одтой барилдаж 4-н даваанд аймгийн хурц арслан О.Гантулга, 5-д аймгийн арслан Б.Суманчулуун, 6-д аймгийн арслан Д.Тогтохжаргал,7-д аймгийн заан Ч.Эрдэнэсайхан нарыг даван үзүүрлэж “Даншгийн заан” цол хүртсэн юм. Тэрээр МҮБХ-оос сар бүр зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд нийт 3 удаа түрүүлж нэг удаа үзүүрлэж шилдэг амжилт үзүүлж байсан байна.
2.Аймгийн нэмэх начин Даваасүрэнгийн Аззаяа
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат аймгийн нэмэх начин Д.Аззаяа 1994 онд төржээ. Аймгийн начин цолыг 2013 онд 19 настайдаа аймгийнхаа наадамд 5 давж аймгийн начин цол хүртсэн бөгөөд 2014 улсын начин А.Батмөнхөөр 5 давж начин цолоо батлаад тэр наадмын түрүү бөх аймгийн хурц арслан С.Ариунбилигт унаж байжээ. Мөн 2016 онд Багануур дүүргийн наадамд сайн барилдаж аймгийн арслан Б.Батдоржоор 3, улсын начин С.Батсууриар 4, аймгийн начин М.Билгүүтээгээр 5 даваад аймгийн заан Э.Даваажаргалтай тунаж барилдаад унасан юм. Аймгийн наадамд 3 удаа 5 даваад байгаа энэ 2014 оны үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд аймгийн арслан Б.Серикийн дараа орж мөнгөн медаль хүртсэн. Хэнтий тодорч буй жин ихтэй, бяртай залуу начин Д.Аззаяа заалны барилдаанд улсын өндөр цолтнуудтай сайн барилддаг бөгөөд улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Б.Одгэрэл, улсын харцага Н.Жаргалбаяр нарыг өвдөг шороодуулсан. Мөн 2014 оны сар шинийн улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд улсын аварга С.Мөнхбаттай сайн барилдаж байсныг бөх сонирхогчид санаж байгаа болов уу.
3. Цэргийн начин Батсүхийн Зоригтбаатар
Улсын цолтнуудын өлгий нутаг Архангай аймгийн Батцэнгэл сумын бөхчүүдийг залган гарч ирж буй залуу хүчтэн Б.Зоригтбаатар 1995 онд төржээ. Б.Зоригтбаатар 2013 онд Булган аймгийн Бугат сумын наадамд түрүүлж сумын заан цол хүртэж байсан юм. Тэр жилээ өсвөр үеийн үндэсний бөхийн улсын аваргад түрүүлж байсан. Мөн 2016 оны бүх цэргийн баяр наадамд улсын начин Л.Батзориг, аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнэ, аймгийн хурц арслан Б.Цэвэлсодном, аймгийн хурц арслан Ө.Сүхбат нараар 5 давж цэргийн начин цол хүртжээ. Дараа нь улсын наадамд аймгийн хурц арслан Б.Мижидсүрэнг дунгуйлдаж татаж 3 даваад аварга С.Мөнхбаттай сайн барилдаж өвдөг шороодож байсан юм. Б.Зоригтбаатар өнгөрсөн намар бөхийн өргөөнд зохиогдсон Барилгын цэргийн 90 жилийн ойн барилдаанд одтой барилдаж улсын начин Б.Батжаргал, улсын заан Б.Батмөнх, улсын харцага Т.Баасанхүү, улсын заан Б.Пүрэвсайхан нарын өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж буй хүчтэнүүдийг давж шөвгийн 4-т үлдэж байсан юм. Хийсэн мэхэндээ тэсрэлттэй, уран дайчин барилдаантай энэ залууг үндэсний бөхийн том цолд хүрнэ гэж бөх сонирхогчид үнэлдэг.
4. Аймгийн начин Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ
Архангай аймгийн Хайрхан сумын харьяат аймгийн начин О.Мөнх-Эрдэнэ 1994 онд төрсөн. Бөхийн хийц сайхантай, зоримог дайчин барилдаанаараа бөх сонирхогчдын анхаарлыг татдаг энэ залуу 2016 оны улсын наадмаар улсын наадамд улсын начин С.Батсуурь, улсын харцага Л.Пүрэвжав, улсын заан Ц.Баярсайхан нараар даваад дархан аварга Г.Өсөхбаярт өвдөг шороодсон. Дараахан нь болсон Архангай аймгийнхаа наадамд амжилттай барилдаж 5 давж аймгийн начин цол хүртсэнээсээ хойш заал танхимын барилдаанд тогтмол сайн барилдаж байна. Аймгийн цол хүртээд анхны барилдаандаа барилгын цэргийн 90 жилийн ойд зодоглож улсын шинэхэн харцага Х.Гантулгыг тахимдаж хаяж 3 даваад улсын арслан Н.Батсуурьт өвдөг шороодсон. Мөн хэдхэн хоногийн өмнө зохиогдсон нутгийн даян аварга Ц.Чимэд-Очирын нэрэмжит барилдаанд сайн барилдаж уран барилдаант аймгийн харцага Ц.Эрхэмбаяраар нэг, улсын шинэ начин Б.Чимэдвандангаар хоёр давсан юм.
О.ДАШНЯМ