Хэнтий аймгаас төрсөн аварга цолтнуудад зориулсан, аймгийн заан цолтнуудын хүндэтгэлийн барилдаан энэ сарын 17-д “Монгол бөхийн өргөөн”-д боллоо. Барилдаанд аймгийн хурц арслан Б.Номиндалай, Ш.Мөнгөнбаатар, Б.Эрдэнэхүү, Ц.Бямба-Очир С.Ариунбилиг, Ө.Сүхбат нараар ахлуулсан аймаг цэрэг сумын цолтой хүчит 256 бөх барилдаж Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангай түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Б.Номиндалай үзүүрлэсэн юм.
Их шөвөгт аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир, аймгийн арслан М.Бадарч нар шалгарсан. Барилдаан нэгийн даваанаас л өрсөлдөөнтэй болж жил бүрийн наадмаар улсын цолны тааварт яригддаг Булганы А.Отгонбаатар арслан Хэнтийн сумын заан Өсөхбаярт мушгиулаад унасан бол Өмнөговийн аймгийн арслан Д.Бямбацогт Өвөрхангайн сумын заан Ч.Азбаярт тахим өгсөн юм. Бөх эхлэхээс өмнө МҮБХ-ны жаяг дэгийн багаас барилдааны бүртгэлээс хоцорч, барилдах бөхчүүдийг танилцуулахад гарч жагсаагүй 26 бөхийг хассан нь бөхчүүдийг үзэгчдээ хүндэлж хариуцлагатай байхыг анхааруулсан явдал болсон. Тус барилдаанд дээгүүр барилдах боломжтой аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн, аймгийн арслан Б.Тайван, аймгийн арслан Н.Баттүвшин, аймгийн арслан Ж.Наранбаатар хасагдсан юм.
О.ДАШНЯМ