ШИНЭ АРСЛАН ДЭВЖЭЭНИЙ ОЙД ТҮРҮҮЛЭВ

2016-12-26  

Тэртээ 1996 онд Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй Архангай нутгийн хэсэг бөхчүүд санаачилж “Бөх Эрдэнэ” хэмээх гал байгуулсан нь өдгөө улсын шилдэг дэвжээдийн нэг “Бөх билигт” дэвжээний суурийг тавьж байжээ. Тус дэвжээний 20 жилийн ойд зориулсан Архангай нутгаас төрөн гарсан нийт улсын цолтнуудад хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан Ням гарагт бөхийн өргөөнд болж өнгөрлөө. 

Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан Р.Пүрэвдагва нараар манлайлуулсан хүчит 224 бөх хүч үзсэн юм. Бөхийн барилдааны нэгийн даваанд сонирхолтой барилдаан олон гарснаас өнгөрсөн оны үндэсний бөхийн залуучуудийн улсын аварга сумын заан Х.Наранбаяр Улсын начин Д.Цозолдоржийг мордож, “Аварга” сургуулийн сумын заан Э.Мөнхбаатар Улсын шинэ начин Ц.Нямдоржийг мушгиж, сумын заан Н.Ширчинхүү хурц арслан Д.Цэвэлсодномыг нааж хавираад давсан барилдаануудыг онцолъё. 

Мөн Завхан аймгийн Яруу сумын заан М.Лхагвагэрэл Улсын начин Б.Чимэдвандантай маш сайн барилдаж унасан. Хоёрын давааны эхэнд Улсын аварга Ч.Санжаадамба сумын заан Х.Наранбаярыг гуд татаад өвдөглүүлсэн бол Р.Пүрэвдагва арслан сумын заан Э.Мөнхбаатарыг хонгодоод хялбархан давсан юм. Харин өнгөрсөн барилдаанд Р.Пүрэвдагва арсланг давж шуугиан тарьсан сумын заан Н.Ширчинхүү Улсын гарьд Ш.Жаргалсайханыг дэвжээний зүүн захад хавираад давсан ч хөлийн цэцүүд дахин барилдуулж гарьд барьц сонгооноос мордож дайраад даваагаа ахиулав. 

Энэ давааны үргэлжлэлд Говь-Алтайн Улсын начин Л.Гантулга Ховд аймгийн начин О.Очбаттай удтал хүч үзээд давахаар шуудагны барьцнаас түрж дайрахдаа бага зэрэг түрүүлж тохойлдож ажлаа эрт дуусгав. 

Мөн улсын начин Ч.Чимэддорж цэргийн начин Б.Зоригтбаатарт давхар хамуулж жинтэйхэн газардав. Давааны төгсгөлд дэлхийн аварга Х.Цагаанбаатар аймгийн арслан У.Брекег өмсөөд чарахад нь суйлж дайраад давсан барилдаан олныг шуугиулсан юм.

Барилдааны гурвын даваа даваа том цолтнуудад халгаа багатай байсан бөгөөд Улсын заан Б.Соронзонболд бэртлийн улмаас барилдааныг орхихдоо нутгийн дүү арслан Б.Хишигбаатарт гар амар даваа өгөв. Энэ даваанд дээшээ барилдах тааварт байсан аймгийн хурц арслан Н.Золбоо аймгийн харцага Ц.Ганбатын хөлд ороод гуядуулж унасан бол аймгийн хурц арслан Б.Номиндалай аймгийн начин Б.Зоригтбаатарыг уран барилдаан үзүүлж давсан. Дөрвийн даваанд аварга Ч.Санжаадамба аймгийн харцага М.Доржсүрэнг, арслан Р.Пүрэвдагва аймгийн харцага Д.Ганбатыг давсан. 

Энэ давааны онцлох барилдаан Архангайн Улсын начин Ч.Ганзориг аймгийн арслан Б.Хишигбаатар нарын хооронд болж Говь-Алтайн арслан барьцгүй хавирч даваа ахиулсан. Мөн Улсын начин Б.Амарзаяа Ч.Хөхчирэнгэр нарын барилдаан өрсөлдөөнтэй болж Хөвсгөлийн начин давхар хамахад нь Амарзаяа үлдэж давсан. 

Тавын даваанд энэ өдрийн барилдааны түрүү бөхөд яригдаж байсан Улсын харцага Ц.Содномдорж Улсын начин Д.Амарсайханыг амлаж удтал хүч үзээд зайлуулж өвдөг шороодсон юм. Харцагыг унахад Ш.Пүрэвгарьдийг амлаад барилдчихгүй гэж халаглаж байсан бөх сонирхогчид олон байсан. Намраас хойш барилдаануудад зодоглоогүй байсан улсын залуу начин Э.Ванданцэрэн энэ өдөр одтой барилдаж хурц Б.Номиндалайгаар 4, Улсын гарьд Ш.Жаргалсайханаар 5 давж шөвгөрсөн. 

Зургаагийн даваанд Ч.Санжаадамба аварга гоц мөргөсөн бол арслан Р.Пүрэвдагва нутгийн начин Э.Ванданцэрэнг амлаад давсан. Энэ даваанд Улсын начин Б.Амарзаяа Д.Амарсайхантай тунан барилдаж арал бяраар илүүрхэж давснаар их шөвөгт шалгарсан. Аварга Ч.Санжаадамба начин Б.Амарзаяг амлаад ард нь гарч өргөөд давсан бол Р.Пүрэвдагва улсын харцага Н.Түвшинбаярыг баруун золгооноос шахаж татаад орхисноор “Бөх билигт”-н хүчтэнүүд түүрүү үзүүр булаацалдахаар шалгарч үлдсэн. 

Шалгарч үлдсэн хоёрын барилдаан төдийлөн удаан үргэлжлээгүй бөгөөд арслан элэг бүс, сэнжний барьцнаас зайлж дунгуйлдаж татаад давснаар энэ намраас хойш хоёр дахь барилдаандаа түрүүлсэн. Барилдааны нээлтэд бөхчүүд үзэгчдээ хүндэлж бүгд гарч жагсахад бөх сонирхогчид таатай хүлээж авсан юм. Мөн энэ барилдаанд 3 аварга, 3 арслан барилдана гэж мэдэгдэж байсан ч зодоглоогүйд дургүйлхэх бөх сонирхогчид ч цөөнгүй байлаа.

 

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?