Монгол Улс нарны анхны томоохон цахилгаан станцаа Дархан-Уул аймагт барих гэрээг өнгөрсөн долоодугаар сард байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд Дарханд төвтэй дотоодын “Solar power international”, Японы “Sharp” корпорац, “Shigemitsu shoji” компани хамтран 10 мВт-ын хүчин чадалтай станц барьж байгаа юм.
Тус станц жилд 14.1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн, Төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх зорилготой. Нарны цахилгаан станц нь жилд 14746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлнэ.
Цахилгаан станц барих ажилд арлын орны “Sharp” корпорацийн өндөр үзүүлэлттэй нарны зай, хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан, ноу-хау, туршлагыг нэвтрүүлэх юм. Мөн нам болон өндөр хүчдэлийн цахилгаан тоноглолыг энэ чиглэлээр дэлхийд тэргүүлдэг ХБНГУ-ын СМА, Шведийн ABB компаниас авч байгаа бөгөөд хасах 30-40 хэмд найдвартай, үр ашигтай ажиллана гэж тооцоолжээ.
Энэхүү станц ашиглалтад орсноор Дархан-Уул аймгийн 20,000 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм.
Дарханы 10мвт нарны цахилгаан станцын албан ёсны нээлтээ энэ сарын 19-д хийнэ. Энэ нээлтийн ажил нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт болох юм.
Тус станц нь ОХУ-аас импортоор авч байгаа эрчим хүчний хэмжээг багасгах, бүс нутгийг сэргээгдэх эрчим хүчний системд холбоход ихээхэн ач холбогдолтой.
А.ЦЭРЭНДУЛАМ