Сар бүр “Хууль сахиулахын их сургууль”-аас зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн энэ оны эхний барилдаан Пүрэв гарагт боллоо.
Барилдаанд Говь-Алтайн Х.Дарамзагд, Увсын Б.Сэр-Од, Архангайн С.Майнбаяр, Говьсүмбэрийн Э.Мөнхбаатар, Хэнтийн Д.Алтанцоож нараар манлайлуулсан хүчит 128 бөх барилдсан юм. Энэ удаагийн барилдаанд өмнөх сарын барилдааны түрүү бөх Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат сумын заан Энхтөрийн Мөнхбаатар долоо давж түрүүлж, Архангай аймгийн харьяат сумын заан Содномцэрэнгийн Майнбаяр зургаа давж үзүүрлэсэн юм.
Их шөвөгт арванхоёрдугаар сарын барилдааны үзүүр бөх Архангай аймгийн сумын заан Будаагийн Батсайхан, Говь-Алтай аймгийн Дарви сумын заан Хөхөөгийн Дарамзагд нар шалгарсан.
Тус барилдааны барууны манлай Увс аймгийн сумын заан Б.Сэр-Од гурвын даваанд Булганы Мөнгөнгадасд хутгуулж, Булганы Н.Намнансүрэн Хөвсгөлийн Э.Батбуянг хөлдөө алдаж тус бүр өвдөг шороодсон. Мөн энэ даваанд шилдэг сумын заан Ховдын Б.Сосорбарам учраадаа тахим өгсөн юм. Давааны төгсгөлд хоорондоо тунасан Хөвсгөлийн Х.Бөхбаяр, Архангайн Э.Сэнгэдорж нарын барилдаан сонирхолтой болж Х.Бөхбаярыг хавирахад нь биеэ суллаж үлдээд Архангайн заан даваагаа ахиулсан юм.
Энэ өдөр Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын заан Д.Алтанцоож сайн барилдаж Увсын Бумбаяраар гурав, Булганы Мөнгөнгадасаар дөрөв даваад Архангайн сумын заан Б.Батсайхантай тунаж барилдаад өвдөг шороодсон.
Та бүхэнд барилдааны дүйзийг танилцуулъя
5-н даваа
1. Х.Дарамзагд– Э.Батбуян
2. С.Майнбаяр – Ж.Хатанзоригт
3. Э.Мөнхбаатар – Б.Очирхуяг
4. Д.Алтанцоож – Б.Батсайхан
6-н даваа
1. Х.Дарамзагд – С.Майнбаяр
2. Э.Мөнхбаатар – Б.Батсайхан
7-н даваа
С.Майнбаяр - Э.Мөнхбаатар
О.ДАШНЯМ