Манчестер Сити клуб Бразилийн төвийн довтлогч Габриэл Жезүсийг албан ёсоор багтаа элсүүллээ.
Английн баг 19 настай довтлогч Жезүсийг £27 сая паундаар худалдаж авсан бөгөөд 5 жилийн гэрээ байгуулсан байна. Габриэл Жезүс Этихадад 33 дугаарын өмсгөлтэй тоглохоор болсон бөгөөд энэ Ням гарагт Тоттенхэмын эсрэг хийх тоглолтын бүрэлдэхүүнд багтах боломжтой юм. Пеп Гвардиолагийн удирдлаган дах Манчестер Ситигийн шинэ довтлогч Жезүс өнгөрсөн улиралд Бразилийн дээд лигт Палмейрас багаас тоглож 136 минут тутамд гоолд шууд оролцож шилдэг тоглолтыг үзүүлж байсан юм. Манчестер сити клуб сүүлийн тойрогт Эвэртон клубийн талбайд зочилж 4:0-ээр хожигдсон бөгөөд одоогийн байдлаар 42 оноотой хүснэгтийн тавдугаар байранд бичигдэж байна.
О.ДАШНЯМ