УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, 82.4 хувийн саналаар дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Энэхүү төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн мэдүүлсэн юм.
Хууль санаачлагч үндэсний сурын харваачдыг дэмжих, цолны төрлийг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид гарамгай харваач, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгохоор уг хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний сур харвааг сонирхогч, түгээн дэлгэрүүлэгч нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Гантулга, Г.Мөнхцэцэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
А.ЦЭРЭНДУЛАМ