21 аймгийн лигийн тэмцээний зүүн бүсийн аваргын төлөө улирлын тоглолтуудад нэг ч хожигдоогүй Орхон аймгийн “Эрдэнэт Икон” болон Сүхбаатар аймгийн “Сүхбаатар Альянс Тех” шалгарч үлдсэн билээ. Сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж байсан цувралын эхний тоглолтод оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээний үнэ цэнтэй тоглогч Э.Дөлгөөнөөр ахлуулсан Сүхбаатар аймгийн баг өрсөлдөгчөө 100:92-ын харьцаагаар хожсон юм.
Энэ өдөр Сүхбаатар аймгийн багийн БНАСУ-ын легионер тоглогч Ким Чон Ил 25 оноо, 7 удаа самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн юм. Тэрээр 3 онооны шидэлтийг 5 удаа амжилттай гүйцэтгэжээ. Мөн Э.Дөлгөөн 16 оноо, 15 самбар, Карс Блэр 23 оноо, 8 удаа самбараас бөмбөг авч, 8 удаа оновчтой дамжуулалт өгсөн.
"Эрдэнэт Икон” багаас Андрэ Уинстан 25 оноо, 10 оновчтой дамжуулалт өгсөн бол Чарлес Фунчес 17 оноо авч сайн тоглосон ч багаа хожилд хүргэж чадсангүй. Энэ өдөр улирлын шилдэг легионер тоглогчийн шагналыг “Эрдэнэт Икон” багийн Андрэ Уистан Жуниорт гардуулж өгсөн.
О.ДАШНЯМ