“NISSAN” ДЭЭД ЛИГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2017-02-11  

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 18 дах удаагийн “NISSAN” дээд лигийн тэмцээн Баасан гарагт спортын төв ордонд нээлтээ хийлээ. МСБ лиг ийнхүү 4 жилийн дараа дээд лигийн тэмцээнээ шинэ өнгө төрх, шинэ менежменттэйгээр зохион байгуулж байна.

Тэмцээнд “СБЛ Хасын Хүлэгүүд”, “Дархан Гарьд”, “Хан-Уул Хангарьд”, “Этүгэний Ирвэсүүд”, ШУТИС-ийн “ШАРКС” гэсэн таван баг өрсөлдөж байна. “NISSAN” дээд лигийн нээлтийн тоглолт “СБЛ Хасын Хүлэгүүд” болон “Дархан Гарьд” багуудын хооронд явагдсан. Хүлэгүүд баг “Гэгээн хангай лидер” багаас шилдэг төвийн тоглогч О.Очирбатаар хүчээ зузаатгасан бол “Дархан Гарьд” багт “Их-Өргөө Аравт” багаас холбогч М.Бадрах, Алтаншагай, Хүлэгүүд багийн А.Энхтүвшин, нар нэгдсэн байлаа.

Тоглолтын эхний үе багуудын ээлж дараалласан довтолгоонууд амжилттай болж тэнцүүхэн үргэлжилсэн. Багийн ахлагч ОХУМ Б.Билгүүнээр сэлгэгдэж талбайд орсон спортын мастер А.Бямбадорж нэгдүгээр үеийг 13 оноотой өндөрлүүлж бүх тамирчдыг тэргүүлсэн.

Хоёрдугаар үед Хүлэгүүд багаас Т.Санчир, М.Отгонмөнх, Б.Билгүүн, Б.Батжавхлан нарын дараалласан довтолгоонууд амжилттай болж онооны зөрүүг бий болгосон. Харин “Дархан Гарьд” багийн довтолгоо унаж Б.Мөнхболд, М.Бадрах нарийн холын зайн шидэлтүүд оновчгүй болж байлаа.

Тоглолтын сүүлийн хагаст шилдэг ОУХМ Т.Санчир шилдэг тоглолт үзүүлж улмаар “СБЛ Хасын Хүлэгүүд” баг өрсөлдөгчөө 88:73-аар буулгаж авснаар улирлын эхний хожлоо байгууллаа. Тоглолтод ОУХМ 23 оноо авч багаа тэргүүлсэн.

Энэ өдрийн хоёрдох тоглолт н.Үүрцайх дасгалжуулагчтай “Хан-Уул Хангарьд” болон “Этүгэний Ирвэсүүд” багуудын хооронд явагдсан. “Хан-Уул Хангарьд” багийн хувьд шинэ баг бөгөөд ОУХМ Ш.Сэдбазараараар ахлуулсан залуу тамирчдаар багаа бүрдүүлжээ. Тус багт “Их Өргөө Аравт” багт хүчин зүтгэж байсан А.Золжаргал, Б.Билгүүн, Өвөрхангай аймгийн тамирчин Т.Билгүүн, “Дундговь Смарт багийн” багийн төвийн тоглогч Т.Төгсцогт, шилдэг залуу тамирчин н.Бум-Эрдэнэ нар багсан байлаа. Этүгэн Их сургуулийн Ирвэсүүд багийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан О.Баяцогт удирдаж энэ удаагийн лигид оролцож байна.

Багийн бүрэлдэхүүнд Г.Билгүүн, Б.Эрхэс, Ханбулаг, А.Ананд, Т.Их-Уул нарын шилдэг залуус дээр Нэт Барнс хэмээх легионер тамирчид багтжээ. Тоглолт эхний үеэс ширүүн өрсөлдөөн дунд үргэлжилж Хангарьд багийн А.Золжаргал, Ирвсэсүүд багийн Барнс нарын довтолгоонууд амжилттай болж байлаа.

Тоглолтын хоёрдугаар хагасд Ирвэсүүд багийн Батбаяр, Эрхэс нарын холын зайн шидэлтүүд байндаа тусч улмаар үндсэн цагт 92:88-аар хожсон. Ийнхүү “Этүгэний Ирвэсүүд” багийн залуус дээд лигид тоглосон эхний тоглолтондоо хожил авсан. Ирвэсүүд багаас энэ өдөр легионер тамирчин Барнс 28 оноо авч багаа тэргүүлсэн бол Г.Билгүүн 12, О.Дөлгөөн 11 оноо авсан юм. Хангарьд багаас А.Золжаргал 36 оноо авч онцгой сайн тоглолт үзүүлсэн ч багаа хожилд хөтөлж чадсангүй. Тус багт ирэх тоглолтоос ОУХМ Ц.Мэргэн, залуучуудын шигшээ багийн гишүүн Б.Болдбаатар нар нэгдэх мэдээлэл байгаа юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?