1948 оноос эхлэлтэй насанд хүрэгчдийн шатрын улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн энэ өдрүүдэд МУБИС дээр үргэлжилж байна.
Тэмцээнд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн 400 орчим шатарчдаас шалгарсан эрэгтэй 70, эмэгтэй 48 тамирчин оролцож оюун ухаанаа сорьж байна. Энэ өдөр хагас шигшээ тэмцээний эрэгтэйчүүдийн 5 дахь, эмэгтэйчүүдийн 4 дэх өргийн тоглолтууд явагдлаа.
4 өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийн ангиллыг ОУМ С.Билгүүн (“Сүлд” спорт хороо) 4 оноотой, СМ Р.Амгаланбаатар (Архангай) 3.5 оноотой, ИМ Ц.Батчулуун “Алдар” спорт хороо 3.5 оноотой тэргүүлж байгаа бол эмэгтэй ангиллыг ОУМЭ С.Отгонжаргал (Баянхонгор аймаг) 3 оноотой, ОУМЭ У.Лхамсүрэн (БГД, “Хан-Алтай “клуб) 3 оноотой, ОУМЭ Ү.Үүрийнтуяа (“Хан-Алтай” клуб) 3 оноотойгоор тэргүүлж байна.
Тэмцээнээс шалгарсан шилдэг эрэгтэй 11, эмэгтэй 11 шатарчин шигшээ тэмцээнд оролцох эрх авах бөгөөд 2016 оны аварга Г.Мөнхгал, Т.Батцэцэг нар шигшээд шууд оролцох юм.
О.ДАШНЯМ