Ширээний теннисний холбооны Дээд Лигийн хүрэл медалийн төлөө тоглолтыг Төмөрт-Өргөө 1:0 харьцаагаар хошуучилж эхэллээ. Тоглолт хүлээж байсан шиг өрсөлдөөнтэй болж чадсангүй, 5:2 -ын харьцаагаар Төмөрт-Өргөө эхний хожлоо хялбархан авлаа. Бласт багийн гуравдугаар ракет Баттөмөр, гадаад легионер Данзанов нар багтаа хожил авчирч, Бласт багийн гол нуруу болсон улсын аварга Б.Билэгт, М.Дэлгэрмаа нар тус тус хоёр хожигдсоноор багаа " угаалаа" гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Төмөрт-Өргөө баг бол Монгол улсын залуучуудын шигшээгээс бүрдсэн. Тус багийн эмэгтэй тоглогч Ундрам, Болор, залуучууд Эрдэнэбаяр, Мөнхзориг нар туйлын дайчин тоглолт үзүүлж дараалсан ялалт байгуулснаар баг эхний хожлоо авлаа.
Гэвч маргаашийн тоглолт амаргүй тоглолт болно гэдгийг Бласт багийн дасгалжуулагч Мэргэн тодотгож байна. Хүрэл медалийн төлөөх тоглолт хайнаа хагалах хэмжээнд хүрч болохыг мэргэжилтнүүд үгүйсгэсэнгүй.
Э.ОТГОНЖАРГАЛ