Мон-Лаа багийн давуу тал нь багийн гишүүд жигд, охид нь бусдаас давуу байсан гэж теннисний хорхойтнууд тодорхойллоо.
Шувтаргын 2 тоглолтод тус багийн дэд мастер Должинзуу, Индра нар ганц ч ялагдалгүй бүх өрсөлдөгчөө буулгаж, багаа ялалтад хөтөлсөн хожлын 4 оноо авчирч байсан нь аваргын цом өргөх амжилтын суурь боллоо гэж теннисний мэргэжилтэн Батжаргал онцоллоо.
Дээр нь ОУХМ, улсын аварга Лхагвасүрэн, Энхсайхан, дэд мастер Билэгжаргал нар багаа ялалтад хүргэх нэг хожлыг авчирч чадсан. Тэд Цэцэн Гэрс багийн хариу нэхэх тоглолтод 5:3-аар ялалт байгуулснаар 2016-2017 оныг дамнан, 3 сарын турш үргэлжилсэн Дээд Лигийн аварга болов. Аварга болсон Мон-Лаа багт дэд мастер Б.Баатарсайхан, нэгдүгээр зэргийн тамирчин Э.Отгонжаргал нар орлон тоглогчоор тоглосон байна.
Тэдний өрсөлдөгч Цэцэн Гэрсийнхэн мөнгөн медалийн эздээр тодорлоо. ОУХМ Я.Бэгз, Б.Баярмагнай нар 40 шүргэж яваа ч ширээний теннисний араас буух болоогүй гэдгээ баталлаа. Цэцэн гэрсийнхэн эмэгтэй тамирчдаа сайжруулж, шувтаргын тоглолтод ядаж ганц хожил авч чадсан бол тэд аварга болох байлаа гэж теннис сонирхогч Тэмүүжин дүгнэлээ.
Харин хүрэл медалийн эздээр Бласт багийнхан шалгарав. Шувтаргын тоглолтын гараагаа тун тааруу эхэлж 3:5 харьцаагаар "Төмөрт-Өргөө-"д ялагдаж эхэлсэн Бластийнхан сэргэлт авч, хариу нэхэх тоглолтыг 5:1 харьцаагаар, хайнаа хагалах тоглолтыг 5:0-ээр дуусгаж "Төмөрт Өргөө" багийг бут ниргэлээ.
ЭХ СУРВАЛЖ : SPORTLIFE.MN