Олимпийн аварга, ОХУ-ын гавьяат тамирчин Ромин Дмитревийн нэрэмжит залуу бөхчүүдийн олон улсын 5 дах удаагийн тэмцээн энэ сарын 4-5-ны өдрүүдэд Якутын Саха хотноо явагдаж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастар” клубийн 8 тамирчин дасгалжуулагч Ж.Баярхүүгийн удирдлага дор оролцсон юм.
Тэмцээний хоёрдах өдөр 66 кг-ын жинд өрсөлдсөн спортын мастер Э.Тэмүүлэн мөнгөн медалийн болзол хангасан. Тэрээр аварга эхний тойрогт Иран, хоёрдугаар тойрогт Якут, гуравдугаар тойрогт Кемеровын тамирчдыг ялж аваргын төлөө Дагестаны бөхөд оноогоор цэвэр хожигдсон байна. Энэ удаагийн тэмцээнд 12 орны 160 тамирчин өрсөлдсөн юм.
О.ДАШНЯМ