Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан явагддаг 11, 13 хүртэлх насны “Грассрүүтс” арга хэмжээ өнөөдөр Монголын Хөлбөмбөгийн Холбооны футзалын ордонд амжилттай зохиогдлоо.
Азийн Хөлбөмбөгийн Холбооноос жил бүрийн 03 сарын 24-ы өдрийг эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн өдөр болгон тэмдэглэдэг ч манай холбоо олон улсын эмэгтэйчүүдийн баяртай уялдуулдан, өсвөр насны охидын дунд “Грассрүүтс” арга хэмжээг зохиодог онцлогтой.
Өнөөдрийн арга хэмжээнд 11, 13 насны нийт 120 хүүхэд оролцож, хөлбөмбөгийн спортын сайхныг бие сэтгэлээрээ мэдрэн баярынхаа бэлэг болгон, өмсгөл, бөмбөг зэргийг авлаа. Манай эмэгтэй хөлбөмбөгчдийн өмнө Монгол Улсын шигшээ багт багтаж, тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргах боломж нээгдсэн учраас охидын “Грассрүүтс” арга хэмжээ өндөр ач холбогдолтой.
Ялангуяа өнөөдрийн арга хэмжээнд оролцсон 11, 13 насны охид ирэх жилээс Монголын 14 хүртэл насны охидын шигшээ багийн тоглогч болох боломж нь бүрдэх юм.
ЭХ СУРВАЛЖ:МХБХ