Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 18 дах удаагийн “Nissan” дээд лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Энэ өдрийн эхний тоглолт лигийг хожигдолгүй тэргүүлж буй ОУХМ Б.Билгүүн ахлагчтай SBL Хасын Хүлэгүүд, спортын мастер Ш.Энхзориг ахлагчтай ШУТИС Шаркс багуудын хооронд боллоо.
Тоглолт эхнээс Хүлэгүүдийн ээлж дараалласан довтолгоонууд амжилттай болж дөрөвдүгээр үе эхлэхэд 20 онооны зөрүүтэй хожиж байв. Харин энэ үеийн эхлэлийг Шарксийн залуус эрч хүчтэй тоглолтоор эхлүүлж урагшаа бүтэн талбайн хамгаалалтууд нь үр дүнтэй болсноор 4 минут хүрэхгүй хугацаанд онооны зөрүүг 3 болтол ойртуулж чадсан юм. Гэсэн ч төгсгөлийг тааруу хийж, чухал үед чөлөөт шидэлтүүдээ алдаж улмаар энэ тоглолтод SBL Хасын Хүлэгүүд 108:101-ийн харьцаатай ялалт байгуулсан юм.
Хүлэгүүдээс багийн ахлагч Б.Билгүүн 32 оноо авч улирлын хамгийн өндөр үзүүлэлтээ үзүүлсэн бол холбон тоглогч О.Сэргэлэн 13 оноо, 10 самбар, 11 оновчтой дамжуулалт өгч энэ жилийн лигийн тэмцээний анхны трибл даблийн эзэн болсон. Харин Шаркс багаас холбогч М.Тэлмэн 36 оноо авч, лигийн тэмцээний хамгийн өндөр оноогоо авсан бол төвийн тоглогч Ц.Отгонжаргал 21 оноо, 18 самбраас бөмбөг авалт хийсэн байна. Өнөөдрийн хоёр дах тоглолт ҮБТДС Харцага – Хан-Уул Хангарьд багуудын хооронд өрнөсөн. Хоёр багийн тоглолт эхнээсээ л эн тэнцүүхэн явагдаж, эцсийн мөчид ялагч шийдэгдсэн юм.
3-р үе өндөрлөхөд Харцага 5 оноо илүү тэргүүлж байсан ч, шийдвэрлэх 4-р үед Хангарьд өрсөлдөгч багаасаа 7 оноо илүү авсанаар 86:84-ийн харьцаатай ялалт байгуулсан. Хангарьдаас ОУХМ С.Өрнүүнбилэг 21 оноо, 15 самбараас бөмбөг авалт хийж багаа тэргүүлсэн бол залуу тоглогч А.Сэргэлэнбаатар 16 оноо, С.Золжаргал 14 оноо, багийн ахлагч Ш.Сэдбазар 13 оноо авчээ.
Харцагаас дээд лигт хоёрдах тоглолтоо хийсэн О.Эрдэнэцогт 27 оноо, ОУХМ Ц.Азбаяр 16 оноо, П.Болортулга, Д.Чадраабал нар тус бүр 13 оноо авсан ч хагалттай байсангүй хоёрдох ялагдлаа хүлээлээ.
О.ДАШНЯМ