БНХАУ-ын “Шинэ эрчим хүчний холдинг” ХК-ний орлогч захирал Чай Мао тэргүүтэй төлөөлөгчид сэргээгдэх эрчим хүчний станц барих асуудлаар Ховд аймагт ажлын айлчлал хийлээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ховд аймагт сэргээгдэх эрчим хүчний станц барихаар төлөвлөсөн газрыг танилцуулахаар Булган суманд ажиллалаа. Түүнчлэн Үенч суман дахь БНХАУ-аас эрчим хүч импортлож байгаа дэд станцтай танилцсан байна.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу баруун гурван сумыг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах ажлыг БНХАУ-ын “Шинэ эрчим хүчний холдинг” ХК-ний хөрөнгө оруулалтаар Булган суманд барихаар төлөвлөж байгаа юм. Тэгвэл ажлын хэсгийн бүрэлдэхүүн сэргээгдэх эрчим хүчний станц барихаар төлөвлөсөн Булган сумын нутагт орших Цоохор нуурын орчмын газрыг үзэж, тухайн газарт сэргээгдэх эрчим хүчний станц барих боломжтой хэмээн онцолжээ. БНХАУ-ын “Шинэ эрчим хүчний холдинг” ХК-ний ажлын хэсгийн бүрэлдэхүүний хувьд Ховд аймгийн газар нутгийн онцлог, нөөц бололцоонд тулгуурлан нар, салхи, хог хаягдал, нүүрс усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний станцуудыг барих боломжтой хэмээн дүгнэсэн байна.
Алтай, Үенч, Булган сумдад ажилласан БНХАУ-ын “Шинэ эрчим хүчний холдинг” ХК-ний төлөөлөгчид аймгийн төвд хүрэлцэн ирж, аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Галсандондог, БНХАУ-ын “Шинэ эрчим хүчний олон улсын холдинг” ХК-ний орлогч захирал Чай Мао нар Ховд аймагт эхний удаа 25-100 MW-ын хүчин чадал бүхий нар, салхи, ус, ахуйн хогийг дахин ашиглах болон нүүрсний станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний станц барих асуудлаар харилцан зөвшилцөж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг үзэглэв. Ингэснээр Ховд аймгийн Алтайн цаадах баруун гурван сумыг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр хэрэгжих эхний алхам тавигдаж байна.
Дараагийн удаад БНХАУ-ын Шинэ эрчим хүчний олон улсын холдинг ХК-аас Ховд аймагт сэргээгдэх эрчим хүчний станц барихтай холбогдох судалгаа хийх мэргэжлийн хүмүүс ирж ажиллахаар болсон байна. Энэ судалгааг хийж дүгнэлт гаргасны дараагаар Булган суманд баруун 3 сум төдийгүй Ховд аймаг баруун бүс нутагт хэрэгцээтэй томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг хийхээр төлөвлөж байна. Энэхүү 25-100 MW-ын хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний станц баригдсанаар Алтай, Үенч, Булган сумд БНХАУ-аас өндөр үнэтэй эрчим хүч импортлохгүй өөрөөр хэлбэл эрчим хүчний хараат бус болох чухал ач холбогдолтой юм.
ХОВД АЙМГААС Х.АЛТАНТУЯА