Азербайжаны нийслэл Баку хотноо “BAKU GRANDSLAM” жудо бөхийн 7 дахь удаагийн тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд оролцохоор 6 тамирчин Бакуг зорьсон бөгөөд эхний өдөр татамид гарсан МУГТ Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн нар хараахан медальд хүрч чадаагүй юм.
Тэмцээний хоёрдох өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглосон ОУХМ Г.Одбаяр урамтай барилдаж түрүүлж Бакугийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн. Манай бөх эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Украины Артем Хомулаг ялаад шөвгийн наймд Азербайжаны Телман Ялиевыг хөмрөөд цэвэр “буулгасан”. Улмаар хагас шигшээд шалгарч Лондоны олимпийн аварга Гүржийн жудоч Лаша Шавдатуашвилиг торгуулиар ялж аваргын төлөө Дэлхийн хошой аварга Японы Рики Накаяаг илт илүүрхэж хоёр ваззари хожсон.
Мөн 81 кг-д барилдсан О.Ууганбаатар эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт эзэн орны Турал Хусейновыг ялсан бол хэсгийн аваргын төлөө Унгарын Аттила Унгвариг хожсон. Хагас барилдаанд Ираны бөх Саеид Моллай хожигдсоноор хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Манай бөх медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд Болгарын Иваило Ивановыг ялснаар медалийн тавцанд зогссон юм.
Тэмцээний гуравдах өдөр татамид гарсан Азийн аварга ОУХМ Ц.Наранжаргал 7 дугаар байрт шалгарсан бол залуучуудын Дэлхийн аварга Улсын начин Өлзийбаярын хүү Дүүрэнбаяр хүрэл медалийн төлөө Украйны Бондаренкод торгуулиар ялагдсан.
Ийнхүү Монголын баг тамирчид Бакугийн их дуулгад оролцсон 31 орноос 1 алт 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар 6 дугаар байрт жагслаа. Энэ тэмцээнээс Голландын тамирчид 3 алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Азербайжаны баг 1 алт 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалжээ.
ЭХ СУРВАЛЖ : SPORTLIFE.MN