Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн шөвгийн 16 шигшээгийн сүүлийн тоглолтууд явагдлаа.
Өнгөрсөн шөнө Францын “Монако” талбайдаа “Манчестер Сити”-г хүлээж авсан. Эхний тоглолтод “Манчестер сити” өрсөлдөгчөө 5:3-аар хожоод байсан. Иймээс “Монако” хоёр гоолын зөрүүтэй хожих шилдэг наймд үлдэх хүнд даалгавартай байсан юм. Гэсэн ч Радамел Фалкао тэргүүтэй Францын баг даалгавраа амжилттай биелүүлж “Сити”-г 3:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 6:6-аар тэнцэж, айлын талбайн гоолын дүрмээр “Монако” шөвгийн наймд үлдлээ.
Тоглолтын 8 дахь минутад Мбаппе гоолдож, тооны харьцааг нээсэн бол 29 дэх минутад Фабиньо тооны харьцааг холдуулсан. Харин 71 дэх минутад “Манчестер сити”-ын Герман тоглогч Сане багтаа тун чухал гоолыг оруулсан. Харамсалтай нь 77 дахь минутад Бакайоко гоолдож Английн багийн найдварыг үгүй хийсэн юм.
Мөн энэ өдөр Испанийн “Атлетико Мадрид” клуб талбайдаа Германы “Байер Леверкузе”-ыг хүлээж авч, 0:0-ээр хуурай тэнцлээ. Испанийн өмнөх тоглолтод 4:2-оор хожсон учраас тэмцээнээ үргэлжлүүлэхээр болж байна.
Эх сурвалж : Sportlife.mn